Турк улс Швед, Финландад 10 болзол тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-08 16:16:09

АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид 10 болзлыг нь биелүүлсэн тохиолдолд Швед, Финланд улсуудыг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхөд бэлэн байна гэж “Yeni Safak” сонин мэдээлжээ.


Туркийн тал тавдугаар сарын 25-нд Швед, Финландын төлөөлөгчидтэй Анкарад хэлэлцээ хийхдээ багц шаардлагаа танилцуулсан байна. Тухайлбал, дээрх сонинд мэдээлснээр, хоёр улс террорист байгууллагатай тэмцэхэд Анкараг дэмжинэ гэдгээ зарлаж, зохих хууль эрх зүйн актуудыг батлах ёстой. Швед, Финланд улсууд мөн Турк улсад хориглосон Курдын ажилчны намтай холбоотой бүх байгууллага, тэдний хөрөнгө, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нутаг дэвсгэртээ хааж, дахин нээхээс сэргийлэх ёстой. Үүнээс гадна, Анкара батлан хамгаалах аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдэд нь тавьсан хоригийг цуцалж, террористуудтай холбоотой хүмүүсийг шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Туркийн эрх баригчид түүнчлэн улс орнуудын тусгай албадын хооронд терроризмтой тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаа тогтоох санал тавьжээ.


Турк улсад террорист байгууллагад тооцдог Курдын ажилчны нам, Сирийн ард түмний өөрийгөө хамгаалах хүчин, 2016 онд төрийн эргэлт хийх бэлтгэл ажилд оролцсон гэж буруутгаж байгаа “фетхуллахистуудын террорист байгууллагын” талаар баримталж буй бодлогоо тодорхойлохоос нааш Финланд, Шведийг НАТО-д элсүүлэхийг дэмжихгүй гэдгээ тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган удаа дараа мэдэгдсэн билээ.


 

Related news