Дуудлага худалдаагаар 1475.05 га газрыг эзэмшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-08 16:25:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 343 байршилд газрын цахим дуудлага худалдаа зарлан, 350 дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Аймгийн хэмжээнд оны эхний хагас жилийн байдлаар 23 суманд дуудлага худалдаа зохион байгуулах ажлын баг байгуулсан. Эдгээр ажлын багууд нийт 343 байршилд газрын цахим дуудлага худалдааг зарлаж амжилттай явуулаад буй. Үүнээс дахин дуудлага худалдааг 50 нэгж талбарт зарлаж нийт 153 нэгж талбарын дуудлага худалдаагаар 1475.05 га газрыг эзэмшүүлж, 348.52 сая төгрөгийг төвлөрүүлээд байна. Дээрх зарлагдсан цахим дуудлага худалдаа нь зургаадугаар сарын 25-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Монгол Улсын иргэн бүр газрын биржийн цахим систем (www.mle.mn)-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж оролцох боломжтой юм гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

 

Сүүлийн 10 жилийн газрын төлбөрийн харьцуулалт

Завхан аймгийн газрын төлбөрийн төлөвлөгөө, орлого нь сүүлийн 10 жилд харилцан өсөлттэй байсан. Аймгийн газрын төлбөрийн төлөвлөгөө, орлогын сүүлийн 10 жилийн харьцуулалтын дүнгээс үзэж болох юм. Манай улс өмчлөлийн болон эзэмшлийн газраас төлбөр авах хуультай. Анх 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталж, 1998 оноос төлбөр авч эхэлсэн. Тэр үед жилд дунджаар газрын төлбөрөөс 1.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан. Энэ тоо жил бүр нэмэгдэж буй. Өмнө нь байцаагч нар газрын төлбөрийг авахдаа газар эзэмшигч болон өмчлөгч нь тодорхой тогтоогдоогүйгээс төлбөрийг үзэмжээрээ тогтоодог байсан. Тэгвэл одоо газрын цахим мэдээллийн сан үүссэн учир газрын төлбөрийг цахимаар болон автоматаар тооцож, иргэд гар утсаараа газрын төлбөрөө төлөх боломжтой юм.

Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 1О дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулдаг гэж аймгийн ГХБХБГ-аас нэмж дуулгав. 



Related news