Иран цөмийн хэлэлцээрийг сэргээх шинэ багц саналыг АНУ-ын талд танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-09 12:14:28

ТЕХРАН. /ISNA/. Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнх нь талаарх хэлэлцээрийг сэргээх шинэ багц саналыг АНУ-ын талд танилцуулжээ. Энэ тухай лхагва гарагт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан мэдэгдсэн байна.


"Хоёр хоногийн өмнө бид улс төрийн шинэ санаачилгын багцаа танилцуулж, хоёр замын аль нэгийг сонгож болно гэдгийг эсрэг талдаа илэн далангүй хэлсэн. Үүний зэрэгцээ бид улс төр, дипломат замыг илүүд үзэж байна" гэж сайд цөмийн хэлэлцээрийг сэргээх яриа хэлэлцээний өнөөгийн байдлын талаар тайлбар хийхдээ мэдэгдсэнийг "ISNA" агентлаг уламжилжээ.


Ираны Гадаад хэргийн сайдын хэлснээр, "өнөөдөр гадаад бодлогод тулгамдсан хамгийн чухал асуудлуудын нэг бол Иран болон 4+1 бүлэг (Орос, Хятад, Их Британи, Франц, Герман) хоорондын шууд хэлэлцээ, АНУ-ын түрэмгий хориг арга хэмжээг цуцлуулах зорилгоор тус улстай хийх шууд бус хэлэлцээ юм. “Энэ чиглэлээр бид ашиг тустай, хүчтэй, бат бөх тохиролцоонд хүрэхээр эрс шийдсэн" гэж тэрбээр нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ Ираны дипломатч шинэ багц саналынхаа агуулгыг тодорхой хэлээгүй байна.


Цөмийн хэлэлцээрийн заалтыг бүрэн дагаж мөрдөх талаар Ирантай хийж буй хэлэлцээ бүтэлгүйтэх магадлал одоогийн байдлаар энэ яриа хэлэлцээ амжилттай болох магадлалаас илүү өндөр байна гэж Ираны асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Роберт Малли тавдугаар сарын 25-нд мэдэгджээ. Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх яриа хэлэлцээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Австрийн нийслэл Вена хотод “4+1” форматаар эхэлсэн. Уг хэлэлцээнд нэг талаас АНУ, Их Британи, Франц, Герман, нөгөө талаас Иран оролцож байгаа юм.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон болон Герман улс 2015 оны долоодугаар сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө" буюу Ираны цөмийн хэлэлцээрийг байгуулсан юм. 2015 онд Б.Обамагийн үед АНУ уг хэлэлцээрт нэгдсэн хэдий ч Д.Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа 2018 онд хэлэлцээрээс гарч, цуцлагдаад байсан Ираны эсрэг хоригуудыг сэргээсэн билээ. Харин Жо Байден гэрээнд буцаад нэгдэх байр суурьтай байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм.


Related news