Швейцар, Япон зэрэг таван улс НҮБ-ын АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-10 16:22:59

ЖЕНЕВ. /Bloomberg/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ байнгын бус гишүүнээр Швейцар, Эквадор, Япон, Мальта, Мозамбик улсуудыг сонголоо.


АЗ-ийн байнгын бус гишүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей нууц санал хураалтаар сонгодог бөгөөд нэр дэвшигчид нийт саналын дор хаяж гуравны хоёрыг авч байж сонгогддог.


Дээрх таван улсын хувьд Мозамбик 192, Эквадор 190, Швейцар 187, Мальта 185, Япон 184 саналаар амжилттай сонгогдсон байна.


Эдгээр улсууд нь 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Энэтхэг, Ирланд, Кени, Мексик, Норвеги улсуудыг 2 жилийн хугацаатай залгамжилна.


НҮБ-ын АЗ нь 15 гишүүнтэй бөгөөд БНХАУ, АНУ, Франц, ОХУ, Их Британи гэсэн таван улс байнгын гишүүн, үлдсэн 10 нь байнгын бус гишүүн юм.


Байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацаа 2 жил ба таван гишүүнийг жил бүр санал хураалтаар сольдог тул дахин сонгогдох боломжгүй. АЗ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд НҮБ-ын үндсэн байгууллагуудын нэг юм.  


Ташрамд дурдахад, Мозамбик болон Швейцар улсууд анх удаа, Япон улс 12 дахь удаагаа АЗ-ийн байнгын бус гишүүнээр сонгогджээ.   

Related news