Панам улсад шатарчин сурагчид Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-17 09:51:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Панам улсын нийслэл Панама хотноо 2022 оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 10-19-нд болж байна. 


Тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 тамирчин /7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд/ гэсэн 12 насны ангилалд өрсөлдөж байна. Тэмцээнийг дэлхийн шатрын холбооны ивээл дор Панам улсын шатрын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд Панама хотын Альбрук зочид буудлын “Wyndham Convention center”-д тэмцээн үргэлжилж байгаа юм. 


Монгол Улсаас 14 өсвөрийн шилдэг шатарчин сурагчид дэлхийн улс орнуудын шилдэг шатарчин хүүхдүүдтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан багийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд 5 дасгалжуулагч, 2 эцэг эхийн төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй тэмцээндээ амжилттай оролцож байна.


Тэмцээн болж байгаа Панам улс нь далайн түвшнээс өндөр уул нурууд ихтэй чийглэг уур амьсгалтай орон юм. Онгоцоор хоёр дамжин нислэг хийж талдаа 20 цаг нисэж очсон. Панам улс Монгол улсаас 13 цагийн бүсийн зөрүүтэй. Панам улсад “Covid-19” нөхцөл байдал сайжраагүй байгаа зэрэг бэрхшээлийг үл харгалзан хурдан дасан зохицож, тэсвэр тэвчээр гарган хичээл зүтгэлээ харуулж, өөрсдийгөө дайчлан өрсөлдөж байгаа өсвөрийн бяцхан тамирчдаараа бахархаж байгаагаа МШХ-ны хамт олон онцолж байна.


Ташрамд дуулгахад, Өчигдөр /2022.06.16/ Монголын цагаар 23.00 цагаас тэмцээний 6 дугаар өрөг эхэлсэн юм байна.



















Related news