ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөн ойн санг 2030 он гэхэд 9 хувьд хүргэнэ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-06-17 09:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 17-ыг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон зарласан байна.  Олон улсын хамтын нийгэмлэгийн цөлжилттэй тэмцэх конвенцод Монгол Улс 2010 онд нэгдэн орсон.  Засгийн газар түүнээс хойш  баталсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-т цөлжилтийн үнэлгээ, зураглалын ажлыг 5 жил тутамд гаргаж  тайлагнаж байхаар тусгажээ.


Монгол улсад малын тоо, толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. Малчдын ашиг орлогын хувьд сайн хэрэг. Гэтэл байгаль орчинд таагүй үзэгдэл бий болгож байх жишээтэй. Мал сүргийн тоо 67 сая 343759 (2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүн) байхад бэлчээрийн даац ямар болсон талаар авч үзсэн судалгаа байна. Бэлчээрийн даац хэтрэх нь хөрснөөс дээш цухуйсан ургамлыг нөхөн төлжих чадваргүй болгодог. Ингэснээр ургамлын үндэс нь үхжиж, бүрмөсөн устана. Улсын нийт нутгийн талаас илүү хувьд бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрснийг судалж тогтоожээ. Ийнхүү бэлчээрийн даацыг хэтрүүлэн талхлуулсан нь цөлжилтийг улам эрчимжүүлжээ.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл:

  •  42% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)
  •  21% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)
  •  23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)
  •  5% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)
  •  9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) гэжээ.

Гүний ус ууршин, эрдэс давс үлдсэнээс ургамал ургах боломжгүй болдог


Монгол орны нийт нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн гэж үздэг. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой хэсгийг бүсчлэн гаргажээ. Үүнд:

  • өмнө болон дорно говь, их нуруудын хотгор,
  • их нуруудын Бурундийн хөндий хамрагдах, 
  • Орхон-Сэлэнгэ,
  • Хэрлэн голын сав газар, 
  • дорнод Монголын хээрийн муж,
  • төв халхын тэгш өндөрлөг,

Харин 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Тухайлбал:

  • эмзэг ба элэгдэл эвдрэлд өртөмтгий нутгийг газар тариаланд ашиглах
  • модлог ургамлыг гол төлөв түлшний зориулалтаар огтлох
  • ан агнах,
  • ой, хээрийн  түймэр тавих,
  • голын гольдролыг өөрчлөх,
  • усны нөөцийг зохисгүй ашиглах,

Хүний хүчин зүйлийн нөлөөнд элс, хайрга олборлолт, уул уурхайн ашиглалт гээд маш том жагсаалт гарч ирэх нь тодорхой байна. Бүтээн байгуулалт хийхийн тулд байгалийн баялагийг ашиглах нь тодорхой. Гэвч ашиглалтын дараах нөхөн сэргээлт муу байгаа нь дээрх нөхцөлийг бүрдүүлжээ.Түүн дээр ой модны хууль бус ашиглалт, наймаа, дээр нь ойн түймэр орно. Ойн модны хэрэглээг 1990 оноос хойш  зөвшөөрөгдсөн хэмжээнээс 4 дахин ихийг байгаль эхээсээ аваад бид “идчихсэн” байна.


Ургамлан бүрхэвчтэй газрын гадаргуугийн бүтэц өөрчлөгдөж, үржил шимгүй болохыг цөлжилт гэж тодорхойлжээ. Үржил шим бүхий тариалан эрхлэхэд тохиромжтой, бүс нутгийн хөрс бороо үерийн устай цуг урсан алга болдог. Газрын гүний ус ууршин, эрдэс давс үлдсэнээс ургамал ургах боломжгүй болдог. Газрын гадаргуугийн өөрчлөлтөөс үүссэн ургамлын бүрхэвчгүй болсон газар нутаг цөлийн уур амьсгалтай болдог нь тогтоогджээ.


Эрдэмтдийн судалгаанаас харахад таримал ой, мод нь өсөлтийн эхний 20 жилдээ  4.5-40 гаруй тонн нүүрс хүчлийн хийг шингээдэг гэсэн тооцоо гарчээ. Иймээс ой модоо хамгаалж, ойг хомсдол, доройтолд хүргэж буй хүчин зүйлүүдтэй тэмцэх замаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийх зайлшгүй шаардлага урган гарч хүний зайлшгүй хийх ажлын нэг нь болсон бололтой.


Мод тарих соёлыг нийтийн үйлс болгоно


Байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр устаж үгүй болсон ойг  сэргээх боломжтой. Түүнээс гадна сүүлийн 10 жил,  түүнээс урт хугацаанд ой байгаагүй газарт мод тарьж ургуулахыг ойжуулалт гэж  хэлдэг байх юм. Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд  Тужийн нарсыг   устах аюулаас хамгаалахын төлөө  ажиллаж байна. Төсөл хэрэгжих үеэс  өнөөг хүртэл оролцож, судалгаа шинжилгээний ажлыг ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү тэргүүтэй эрдэмтэд  хариуцан гүйцэтгэж байгаа юм  байна. Тэд  судалгаагаа 2007-2008 оноос эхлүүлж, говь болон хуурай хээрийн бүсэд мод тарих, өөрөөр хэлбэл ойгүй байсан газрыг ойжуулах ажлыг эхлүүлжээ.


Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөний талаар профессор Н.Батхүү “Тэрбум мод тарина гэдэг зорилт бол бүтэхгүй зүйл биш . Гэхдээ анхаарах хэд хэдэн зүйл бий. Ойжуулалт хийх тухайн бүс нутагт дасан зохицох чадвар бүхий модлог ургамлын зүйлийг олж илрүүлэх, орчны тааламжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадвартай ургамлын суурь судалгааг хийж, орон нутгийн унаган мод, сөөгийг үржүүлэх мод үржүүлгийг газрыг байгуулах замаар тухайн орчинд ургах чадвар бүхий таримлуудыг тарьж ургуулах зайлшгүй шаардлагатай гэж  хэвлэлд өгсөн  ярилцлагадаа онцолжээ. 


Монгол улсын нийт  газар нутгийн 7.9 хувь нь ойн бүрхүүлтэй. Түүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зорилтоо болгожээ. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилан гаргасан байна. Энэ зорилготоо хүрэхийн тулд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг:

  • 2021-2024 он буюу бэлтгэл үе,
  • 2024-2026 он буюу эрчимжүүлэх,
  • 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг жил бүр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх, Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгоно гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тодорхой заажээ.

Монгол Улсын Засгийн газарт өгсөн чиглэлд:

  • иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, технологийн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх,
  • хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэх хэмээн суулган өгчээ.

Монгол  улсад 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьжээ Тухайн үед зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан байна. Улсын хэмжээнд ойн салбарын 1200 гаруй, усны салбарын 4200 орчим боловсон хүчин өнөөдөр   бэлэн байгаа аж.

Related news