Монголын уулчдын “Альпиниад-2022” цугларалт авиралт Алтай Таван богдод болно

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-17 11:52:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын уулчдын үндэсний холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг Альпиниад тэмцээн энэ жил Алтай Таван богд уулын байгалийн цогцолборт газарт зургаадугаар  21-24-ний өдрүүдэд болно.

Энэ жилийн тэмцээнд манай улсын өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй уулчин оролцох ба чөлөөт авиралт /Хүйтэн болон Найрамдал оргил/, техникийн авиралт /Наран оргил/, цол хамгаалах авиралт /Наран оргил/, Алтай Таван богд рэйс 20 км гэсэн төрлүүдээр өрсөлдөх аж.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монголын уулчдын үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Ариунзоригтыг хүлээн авч уулзан,  “Альпиниад-2022” тэмцээнийг дэмжихээ илэрхийлсэн.

Мөн аймгийн ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Соёл, урлагийн газар, Хилийн цэргийн 0165, 0285 дугаар ангиуд хамтран ажиллах ажээ.

Related news