“Олон улсын Олимпын өдөр” өдөрлөгтөө оролцоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-20 08:39:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын соён гэгээрүүлэгч Пьер-де-Кубертен 1894 оны 6 дугаар сарын 23-нд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-г байгуулж, орчин үеийн олимпын хөдөлгөөний эхийг тавьсан түүхтэй.


Энэхүү өдрийг нандигнан хүндэтгэж, 1948 оноос “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий дахинаа тэмдэглэж байгаа билээ. Энэ жилийн хувьд МҮОХ-ноос 6 дугаар сарын 22-нд Олимпын өдрийг тэмдэглэхээр зэхээд байна. ОУОХ-ноос энэ жил Олимпын өдрийг “Энхтайваны төлөө” #MoveForPeace уриан дор тэмдэглэхээр болсон юм.


Олимпын өдрөөр спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөг, бүх нийтийн хөгжөөнт гүйлт, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлэг гардуулах ёслол болно. Спортын төрлүүдийг сурталчлах өдөрлөгийн үеэр Парисын олимпын хөтөлбөрт шинээр багтаад буй брэйк бүжгийн төрлийн тамирчид хүрэлцэн ирж, хүүхэд залууст бүжгийн үзүүлбэрээс сонирхуулах юм.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд 6 дугаар сарын 22-ны 11 цагт болох олимпын өдөрлөгт нийслэлчүүдийг хүрэлцэн ирэхийг МҮОХ-ноос урьж байна.   

Related news