Бишкек хотноо Монголын охидын баг Ази тивийн хүрэл цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-22 09:24:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бишкек-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр хөвгүүдийн 65, 71, 80 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо.


Ази тивийн “U17” насны чөлөөт бөхийн АШТ-ий охидын хамгийн хүнд жин буюу 73 кг-д Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн тамирчин Номин-Эрдэнийн Баяржаргал хүрэл медаль хүртэв. Ийнхүү манай охид Бишкекийн дэвжээнд нэг алт, 2 мөнгө, нэг хүрэл медальтай, 138 оноогоор багийн дүнгээр 3 дугаар байр эзэлж хүрэл цомын эзэн болов.


Н.Баяржаргал хэсэгтээ эзэн орны Линара Молдогазиева, Японы Мако Ишидаг цэвэр дарсан ч Казахстаны Алина Ертостиктэд, хагас шигшээд Энэтхэгийн Прияд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Севинч Розикова цэвэр ялж шагналын тавцанд зогсжээ.


Хөвгүүдийн 65 кг-д “Тэх-Мөнх” клубийн тамирчин М.Толуй, 71 кг-д Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ, охидын 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Д.Энхдангина, 73 кг-д “Хангарьд” спорт клубийн Н.Баяржаргал нар хүрэл медалийн төлөө барилдсан бол хөвгүүдийн 80 кг-д М.Мөнхчулуун, охидын 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 49 кг-д Г.Соёлмаа, 65 кг-д Э.Одгэрэл нар эхний даваануудад тэмцээнээ дуусгажээ.


Related news