БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг Ши Жиньпин даргална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-22 14:14:44

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 23-нд буюу маргааш болох БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг даргална гэж Хятад улсын Гадаад харилцааны яам мэдэгдлээ.


Хятадын Гадаад харилцааны дэд сайд бөгөөд БРИКС-ийн асуудал эрхэлсэн газрын зохицуулагч Ма Жаосюй мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, “Хятад улс БРИКС-ийн 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн базаагаад байна” гэжээ.


“БРИКС-ийн өндөр чанартай түншлэлийг хөхиүлэн дэмжиж, Дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийн эхлэлийг тавих нь” сэдвийн хүрээнд болох уг дээд хэмжээний уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах аж.


БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэсэн бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол билээ.


Мөн Ши Жиньпин зургаадугаар сарын 22-нд буюу өнөөдөр болох БРИКС-ийн гишүүн орнуудын Бизнес форумын нээлтийн ёслолд цахимаар оролцож, үг хэлэх бол зургаадугаар сарын 24-нд Бээжин хотноо болох Дэлхийн хөгжлийн асуудлаарх дээд түвшний хэлэлцээг удирдан зохион байгуулах ажээ.


БРИКС-ийн бүлгийг 2022 онд даргалж буйн хувьд Хятад улс энэ он гарснаас хойш улс төр, аюулгүй байдал, худалдаа, санхүү, тогтвортой хөгжил болон нийгмийн эрүүл мэнд зэрэгтэй холбоотой 70 гаруй уулзалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.


Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2010 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй.


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинийн хэлснээр, өнгөрсөн 16 жилийн түүхэнд БРИКС нь олон улсын өөрчлөлтийн олон сорилтыг даван туулж, олон улсын тавцанд үл тоомсорлогдохооргүй хамтын ажиллагааны чухал хүчин болж чадсан байна.


БРИКС-ийн орнууд нь дэлхийн нийт хүн амын 40 хувийг эзэлдэг бол дэлхийн эдийн засгийн 25 орчим хувийг бүрдүүлдэг. “COVID-19” цар тахлын үед ч БРИКС-ийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. 2021 онд тус бүлгийн гишүүн улс орнуудын худалдаа өмнөх оныхоос 33.4 хувиар өсөн 8.55 их наяд ам.долларт хүрсэн гэж албан ёсны статистик мэдээнд дурджээ.


Related news