ХОВД: 1352 хүн ажил хайгчаар бүртгүүлсний 579 нь ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-23 14:36:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1352 хүн ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Мөн ажлын байрны сул орон тооны захиалга 652 иржээ.

Улмаар 579 хүнийг ажилд зуучилж, шинэ ажлын байртай болгосон байна.

Судалгаанаас үзэхэд, ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн 60 орчим хувь нь 16-34 насны залуу үеийнхэн байна.

           

Өнгөрсөн онд “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусын 80 хувь нь ажлын байртай болжээ

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөл амжилттай хэрэгжиж байна.

Оролцоо төслийн 2022 оны нэгдүгээр ээлжийн 14 хоногийн сургалтад Ховд аймгаас л гэхэд 54 хүн хамрагдахаар Улаанбаатар хотыг зорьсон. Тэд эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзэл, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр эрхлэх зан үйл зэрэгт суралцаад, өнөөдөр нутагтаа ирлээ.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас эдгээр залууг хүлээн авч уулзан, цаашид дадлага хийх боломжтой байгууллагуудыг танилцуулах, ажлын байранд зуучлах, ажлын шууд ярилцлага зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл өгөв.  

“Оролцоо” төсөлд 2021 онд  Ховд аймгийн залуу үеийн төлөөлөл 58 хүн хамрагдаж байсан. Үүний 80 хувь нь өдгөө ажлын байртай болсон төдийгүй зарим оролцогчид хувиараа хөдөлмөр эрхэлж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдаад явж байна. Энэ жил оролцоо төсөлд хамрагдаж, хамтдаа хөгжиж яваа залууст мөн ийм боломж бий гэж албаныхан онцоллоо.   

ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 2022 оны хоёрдугаар ээлжийн 14 хоногийн сургалт тун удахгүй эхэлнэ.

Уг сургалтад Ховд аймгийн залуучуудын төлөөлөл, сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй 13 хүн хамрагдахаар болжээ.

Оролцоо төслийн үйл ажиллагаа нь залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангахад чиглэж байгаагаараа онцлогтой.

 

 

Related news