ХОВД: Он гарсаар “Хүүхдийн клиник” эмнэлгээр 900 гаруй хүүхэд үйлчлүүлжээ

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-06-27 17:50:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүн амын 40 гаруй хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Иймээс хүүхдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчилгээ, оношилгоо хийлгэх таатай орчин бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагааг өргөтгөж, бие даасан “хүүхдийн клиник”-ийг шинээр нээв. 

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан, 50 ор бүхий “Хүүхдийн клиник” эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж,  үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн төлөөлөл оролцлоо.   

Энд хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, эмчилгээ-оношилгооны чиглэлээр нь төрөлжүүлснээр жилд дунджаар 14 мянга орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус клиникээр 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.         

Хүүхдийн клиникийн үйл ажиллагааг жигдрүүлэн, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх хүрээнд "Мөрөөдлийн жигүүр" сургалтын төвөөс 5 сая 800 мянган төгрөгийн тохижилт хийсэн бол Норвегийн тусламжийн байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн кабинет байгуулж өгчээ.    

Related news