ХОВД: Буянт голын зусланд гэр номын санг ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-01 14:50:03

 Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийтийн номын сангаас  Буянт голын хөвөөнд зусаж байгаа айл өрх, хүүхэд багачуудад зориулан “Гэр номын сан” бий болгож, өнөөдрөөс үйлчилгээ үзүүлж байна.  

Хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг өргөжүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү гэр номын санд 300 орчим ном, сурах бичиг дэлгэжээ.

Улмаар “зуны зугаатай уншлага” үйл ажиллагааны хүрээнд номын сангийн үйлчилгээний талаар танилцуулан, уншигчдад карт нээж, номыг гэрээр олгож, уншуулж байна. 

Үүнээс гадна “оюуны хөлөг” ардын уламжлалт шагайн наадгайн уралдаан зохион байгуулах, цахим уншлага өрнүүлэх, уншигчдад кино үзүүлэх, зүйр цэцэн үгсийг хэн олон мэдэх вэ? уралдаан явуулах, үлгэрийн цаг, талархаж сурцгаая арга хэмжээ зохион байгуулах гэх мэт олон талт ажлыг гэр номын сангаа түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.   

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дахь Буянт голын ай сав дагуух зусланд одоогоор 900 гаруй айл өрх суурьшсан байна. 

Уг зуслангийн бүсэд байгуулсан гэр номын сангийн үйл ажиллагаа наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл тогтмол үргэлжилж, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Иймээс  иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуус чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд сэтгэл санаа нэгдэн Буянт голын бага гүүрний дээд талд байрлах шар гэр буюу гэр номын сангаар зочилж, номтой нөхөрлөхийг уриаллаа.  

Ташрамд, Ховд аймгийн Нийтийн номын сан нь 73 мянга гаруй боть номтой, 300 орчим хүнд зэрэг үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Жилд давхардсан тоогоор 60 мянга гаруй хүн тус номын сангаар үйлчлүүлдэг аж. Энэ байгууллага жил бүр номын пондод баяжилт хийдэг. 

 

Related news