Монгол хэл, соёлын 60 төв дэлхийн 20 оронд үйл ажиллагаа явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-04 12:23:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" нийгэмд үйлчлэх ТББ-ын IV чуулган ГХЯ-нд болж байнаЧуулга уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн 87 улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань өөрсдийн чин хүсэл эрмэлзэл, санаачилгаараа эвлэлдэн нэгдэж, хилийн чанадад оршин сууж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, эх хэл, түүх соёл, өв уламжлалаа хадгалах, өвлүүлэн суралцахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн”-ийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газрын зүгээс хилийн чанад дахь иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж, санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, хамтран ажиллах болно” гэдгийг онцоллоо.


Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 гаруй иргэд оролцож байна. Чуулганыг хилийн чанад дахь монголчуудын нийгэм, эрхийн асуудал, гадаадаас эх орондоо хөрөнгө оруулах иргэдийн уулзалт, хэл, соёлын багш нарын уулзалт гэсэн 4 салбар хуралдаанаар зохион байгуулж байгаа юм. Салбар хуралдаан бүрээс зөвлөмж гарган, маргааш Төрийн ордонд мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Хилийн чанад дахь монгол иргэдийн нэгдсэн чуулганд танилцуулах талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" нийгэмд үйлчлэх ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ тодотгов.


Тэрээр, хилийн чанад дахь монголчуудын уулзалт анх 2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар болж байсныг онцолж, түүнээс хойш 2 жилд тутамд уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж гадаад дахь монгол иргэдийн нийгэм, тэдний хүүхдүүдийн хэл, соёлын асуудлыг, түүнчлэн Монгол Улсыг гадаадад сурталчилах үйл ажиллагааг иргэд, төр, засаг, ТББ-уудын хамтын оролцоотой хийж ирснийг мэдээллээ. Энэ бүхнийг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулж, ярилцаж байдаг нь Монгол Улсын төрийн гадаад бодлогын нэг салшгүй хэсэг юм гэдгийг тэмдэглэж байна.

Энэ удаагийн үйл ажиллагааны талаар тэрээр, "Хилийн чанадад суугаа монгол иргэдийн нэгдсэн чуулга уулзалтыг хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавьснаар ийнхүү бүрэн дүүрэн хэрэгжин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ хамтран зохион байгуулан чуулж буй"-г хэллээ. 


“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ нь боловрол, соёл, нийгэм, оюутан-залуучуудын гэсэн үндсэн 6 хороотой аж. Хороод үйл ажиллагааны тайлан, дүгнэлтээ өнөөдөр мөн хэлэлцэв. Жишээ нь, Боловсролын хорооны тайланг тус хорооны дарга, монгол хэл, уран зохиолын багш, Герман улсад ажиллаж амьдарч буй Ө.Оюунтүлхүүр,  Нийгмийн бодлогын хорооны тайланг тус хороны дарга, БНСУ-д ажиллаж амьдарч буй Л.Ира, Оюутан, залуучуудын хорооны тайланг Б.Баттамир нар тус тус тавьсан юм.

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн Боловсролын хорооны дарга Ө.Оюунтүлхүүр гадаадад “Би монгол хүн” цахим сургалтыг үүсгэн зохион байгуулж буй талаар танилцуулсан. Өнөөдөр дэлхийн 20 гаруй улсад Монгол хэл, соёлын 60 гаруй сургалтын төв үйл ажиллагаа явуулж буйг тэрээр дуулгав. 



Л.Ира: Гадаад дахь монгол иргэд Нийгмийн даатгалын төвийг АНУ, Европт байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг их тавьж байгаа


Чуулганы үеэр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, БНСУ-д ажиллаж, амьдарч буй Л.Ирагаас гадаад дахь монголчуудын үйл ажиллагааны талар зарим зүйлийг тодруулав.

-ГХЯ, Соёлын яам гадаадын улс орнуудад Монголын соёлын төвийг байгуулж байгаа. Энд та бүхний оролцоо, үүрэг, хувь нэмэр ямар байх вэ?

-Германд амьдарч буй монгол иргэд ийм төвийг монгол соёлыг шингээсэн байдлаар их гоё тохижуулж, худалдаа, үйлчилгээ хийх, монгол брэндээ, эх ороноо сурталчилах байдлаар их сайн зохион байгуулсныг харсан. Бусад улс орны хувьд ийм төв хараахан нээгдээгүй, бидний амьдарч буй оронд хэзээ нээгдэх вэ, бид бас ийм ажлыг хиймээр байна гэсэн хүлээлт монголчуудын дунд их өндөр байна.

Монголын соёлын төв нь гадаадад тухайн улс оронд оршин сууж буй монгол иргэд дээрээ түшиглэн байгуулагдаж байгаа. Энэ нь гадаад, дотоод худалдаа, аялал жуулчлал хөгжих, эх орноо сурталчилах нээлттэй хаалга болно гэж үзэж, бүгд л энэ төслийг идэвхижүүлж хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа.



-БНСУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэд нийгмийн даатгалд хэр хамрагдаж байна вэ?

-Гадаадад байгаа монгол иргэд энэ талын үйлчилгээг цахимаар авах боломжтой байгаа ч төлбөр, мөнгийг шилжүүлж хийхэд хүндрэлтэй байгаа талаар санал, хүсэлтээ тавьж байгаа. Энэ талаар бид сая ирээд НДЕГ-ынхантай уулзсан. Хэдийгээр төлбөр хийх цахим хэлбэрүүдийг нэвтрүүлж байгаа ч энэ талын мэдээллийг хайгаад олж авч байгаа нь тун цөөн байна. Бусад улс орон дахь манай иргэд ч энэ талаар бага ойлголт, мэдээлэлтэй байдаг юм билээ.

Нууцлал, хамгаалтын системтэй холбоотой байдаг юм уу, И-монгол цахим үйлчилгээ гадаадад хүрэхгүй, хаалттай байна гэсэн хүсэлт монгол иргэдээс ирж байгаа. Тиймээс энэ талын үйлчилгээг хялбар байдлаар, хурдан шуурхай авах боломжийг төр, засгийн холбогдох яам, байгууллага анхаарч, нээж өгч ажиллана гэдэгт найдаж байна. Нийгмийн даатгалын тухайд гадаадад олон жил хөдөлмөрлөөд эргэд эх орондоо ирэхэд тухайн хугацаанд ажилласан үйл ажиллагааг энд хүлээн зөвшөөрөөд, дүйцүүлж нийцүүлээд нийгмийн даатгалд хамрагдах боломжийг олгож өгөөч гэсэн санал, хүсэлт их тавьдаг.

Дээрх байдал нь гэрээтэй улс орнуудад нэг цэгийн үйлчилгээний төв нээх зэргээр бүх үйлчилгээг авах маягаар сайн хэрэгжиж байгаа. Гадаад дах монголчууд АНУ, Европт нийгмийн даатгалын төвийг байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Тухайн улс оронд байгуулах боломжгүй бол тухайн тив болон бүс нутагт байгаа гэрээтэй аль нэг оронд байгуулах нь төрийн үйлчилгээг авахад хүртээмжтэй байх болов уу гэсэн саналаа хэлж байна. 


Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news