“Хаан хүнс Эрчим” клуб Үндэсний дээд Лигт 13 дахь удаагаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-04 10:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд лиг” улирлын турш өрсөлдөөнтэй үргэлжилж, эцсийн мөчид медалийн эзэд тодорхой болоход “Хаан Хүнс Эрчим” клуб аваргын цомыг өргөх болзол хангалаа.


1996 оноос эхлэлтэй үндэсний дээд лигийн түүхэнд 12 удаагийн аваргаар шалгарч нэрээ мөнхөлсөн “Хаан Хүнс Эрчим” баг ням гарагт “Моби Дээд Лиг”-ийн 18 дугаар тойрогт хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Төв Буганууд” багийг 5:0-ээр хожиж 13 дахь аваргын цомоо өргөлөө.


“Улаанбаатар” клуб хоёр дахь удаагаа дээд лигийн аварга болохын төлөө, “Улаанбаатар сити” баг хүрэл медалийг өөрийн болгохын төлөө гал гарсан нийслэлийн дерби тоглолтыг 18 дугаар тойрогт толилуулав. Өндөр ач холбогдолтой тоглолтод “Улаанбаатар сити” 3:2-оор хожиж “Моби дээд лиг”-ийн хүрэл медалийн эзэд болов.


“Дэрэн”, “Төв Буганууд” клуб мөн хүрэл медаль авах боломж байсан гэхээр энэ жилийн дээд лигийн өрсөлдөөн тун ч ширүүн болсон гэдгийг харж болно. Түүгээр ч зогсохгүй нэгдүгээр лиг рүү чансаа буурахгүйн төлөө “Ховд”, “Би Си Эйч Лионс” клуб тус тусын тоглолтоо хийсэн.


“Ховд” энэ өдөр өө сэвгүй тоглолт үзүүлэн “Атлетик 220”-ыг 4:0-ээр буулган авснаар есдүгээр байрт орж, Нэгдүгээр лигийн хоёрт орсон багтай нэмэлт тоглолт хийн ирэх жилийн дээд лигт өрсөлдөх үгүйгээ шийднэ. “Моби дээд лигийн” хаалтын ёслолын үеэр улирлын турш гайхалтай байсан шилдгүүдийг мөн тодрууллаа. Ийнхүү 13 удаагийн аварга “Хаан Хүнс Эрчим”-ийг болгоход эрхэм хүндтэй цолыг багтаа авчрахад үлэмж нөлөө үзүүлсэн хаалгач Б.Ариунболд, хамгаалагч Г.Билгүүн, довтлогч Мишима Юүта нар байрлал тус бүрдээ шилдгээр тодорч хөгжөөн дэмжигчдийнхээ баяр дээр баяр нэмсэн юм.


Харин шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “Улаанбаатар” клубийн Серби легионер Неманяа Крусевач хүртлээ. “Моби дээд лиг”-ийн тоглолтуудыг үнэн шударгаар шүүн явуулсан шилдэг шүүгчдийг тодруулахад АХБХ-ны Элит шүүгч Э.Ариунболд шилдэг талбайн шүүгч, МХБХ-ны А зэрэглэлтэй Б.Логьшир шилдэг туслах шүүгч боллоо.


Мөн “Моби дээд лиг”-ийн тоглолтуудыг үзэж 2022 оны Катарын ДАШТ-ийг үзэх эрхтэй болсон азтай үзэгчид энэ торгон мөчид тодорхой болсныг дуулгахад таатай байна. Өнөөдөр тав, энэ улиралд нийт 21 “Моби Дээд Лиг”-ийн үзэгч ДАШТ үзэх эрхтэй болсон. Ирэх сард эхлэх дээд лигийн тоглолтуудыг үзсэн үзэгчдээс 29 азтай үзэгч тодорч, нийт 50 хөлбөмбөгийн фанат Катарыг зорино.


Related news