Европ, АНУ-д хэт халалтын улмаас гадаа орчинд ажиллах дээд температурын хязгаарлалт тогтоохыг уриалав

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-26 19:25:03

ПАРИС. /Reuters/. Европ болон АНУ-д хэт халалт үргэлжилж, ой хээрийн түймэр ихээр гарч, халалттай холбоотой ослын улмаас олон хүн нас барж байна.


Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Испани улсад гадаа орчинд ажиллаж байсан гурван ажилтан нас баржээ.


Ажилчдыг хамгаалахын тулд Европын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Европын комисст хандан гадаа орчинд ажиллахад агаарын дээд хэмийн хязгаарлалт тогтоох хууль гаргахыг уриалав.


Европын Амьдралын чанарыг сайжруулах сангийн статистик мэдээнд дурдсанаар, ЕХ-ны ажилчдын 23 хувь нь ажлын цагийнхаа дөрөвний нэгийг халуун орчинд ажилладаг гэжээ.


Энэхүү статистик нь хөдөө аж ахуй болон аж үйлдвэрийн салбарт улам бүр нэмэгдэх буюу 36 хувь, барилгын салбарт 38 хувьд хүрч байгаа аж.


Мадридын эрх баригчид Үйлдвэрчний эвлэлийн холбоодтой тохиролцож, гудамж талбайн цэвэрлэгээг цельсийн 39 хэмээс доош хэмд хийхээр хязгаарлалт тогтоожээ.  

Related news