ДУНДГОВЬ: 80 жилийн түүхт ойн баяр наадам үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-07-30 14:07:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дуу хуур,өв соёлын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр цэнгэл наадам 7 дугаар сарын 29-нд эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Түүхэн ойг угтаж, Дундговь нутгаар овоглосон зохиолчид, иргэд санаачилж, зургаан ном бүтээжээ. Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын ХБТХО-ын хэлтсийн дарга  Н.Эрдэнэ-Очирын санаачилж, аймаг байгуулагдсны 80 жилийн ойд зориулан  гаргасан “Дундговийн ойн түүхэн ном” 3 боть,  Төгөлдөр Буяннэмэх сан ТББ-ын тэргүүн Т.Энхбаярын санаачилсан “Суу билэгт зохиолч Сономбалжирын Буяннэмэх”, аймгийн Засаг дарга асан  Ж.Адъяа, яруу найрагч О.Гончигсүрэн нарын  хамтран эрхэлсэн “Ая дуу, айраг найргийн нутаг-Дундговь”, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч А.Лхагваагийн эмхэтгэсэн “Дундговийн алтан товчоон” хөрөг нийтлэл 2 дугаар боть, зураач А.Бат-Эрдэнэ болон Ч.Ганхүү нарын хамтран санаачилсан “Дундговь аймгийн шилдэг уяачдын хошин хөрөг”, МЗЭ-ийн шагналт яруу найргч Р.Болормаагийн “Хүн оршихуй” яруу найргийн түүвэр номууд уншигчдын гарт очиход бэлэн болж, наадмын өмнөх өдөр нээлтээ хийжээ.

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Дундговь аймаг үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт, УИХ-ын гишүүн асан Д.Раш, аймгийн Засаг дарга асан Ж.Адъяа, Ж.Хүүхэнбаатар, ИТХ-ын дарга асан Д.Адъяа, Монгол Улсын гавъяат малчин, фронт С.Цэгмид болон тус аймагт ажиллаж амьдарч байсан олон зочид, иргэд, бусад аймаг сумын наадамчид ирж өргөн дэлгэр наадаж байна.

Дундговь аймгийн  түүхт ойн баяр наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт баяр наадмын нээлтийн үеэр уншиж танилцуулав.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат баяр наадмын үйл ажиллагааг нээж, наадамчин олонд  хандан аймгийнхаа түүхэн хөгжил, өнөөгийн бүтээн байгуулалт, зорилго, зорилтыг танилцуулж, баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй хөдөлмөр эрхэлж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд Дундговьчууд зүрх сэтгэлээ нэгтгэж, гар бие оролцож байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн хангай дэлхий дэлэгнэж, хур бороо элбэгшиж ойрын жилүүдэд болоогүй сайхан зуншлага болж байна гээд эдүгээг хүртэлх түүхэн замнал, аймаг байгуулагдснаас хойших 80 жилийг бүтээж ирсэн бүхий л цаг үеийн удирдлагууд, баатарлаг, хөдөлмөрч хичээнгүй ард иргэд, азай буурлууд, алдартан гавъяатууд та бүхэндээ халуун талархал илэрхийлэн хамгийн сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

“Уяхан замбуу тивийн наран” наадмын нээлт аймгийнхаа түүхэн хөгжил, дуу хуур, өв соёл, онцлогоо харуулж, утга төгөлдөр болсон бөгөөд энэ үеэр Дундговь аймгийн харъяат Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ардын жүжигчин А.Нэргүй, гавъяат жүжигчин, уртын дууч Ж.Дүнжмаа, гавъяат жүжигчин С.Цогтсайхан, гавъяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Үүрийнтуяа, Ө.Цэрэнчунт, С.Содномдаржаа, Г.Энхцэцэг, Ц.Туяацэцэг, Ц.Отгонцэцэг дуучин Д.Дүйнхэржав, М.Дэлгэрмөрөн  нарын дуучид, алдартнууд, “Дуурьсал” хамтлаг, “Аянга хамтлаг” оролцон нутгийнхаа наадамчин олонд ая дуугаа өргөсөн юм.

Баяр наадмын нээлтийн тоглолтыг Ардын жүжигчин Б.Жаргалсайхан найруулж, зохиолчоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч А.Лхагва, талбайн наруулагчаар Монгол Улсын  гавъяат жүжигчин А.Даваахүү, хөгжмийн найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр нар ажиллаж

Тус үйл ажиллагаанд Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Отгон, ТВ 9 телевизийн хөтлөгч Соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэбаатар, Алтан гадас одонт Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Жанжин” клубын бүжгийн дугуйлангийн сурагчид, аймгийн 15 сумын ардын авъяастнууд, Хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит ТХДЖТ-ын хамт олон, Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин Дорждавгын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын хамт олон, төрийн албан хаагчид оролцсон байна.

Related news