Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ МҮОХ-ноос дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-04 05:41:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.


Г.Марал-Эрдэнэ нь Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны дэлхийн өсвөрийн АШТ-нд эх орныхоо далбааг мандуулсан анхны уран гулгалтын тамирчин болж түүхэнд бичигдсэн билээ.


Тэрбээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцдаг бөгөөд “Степпе арена” мөсөн өргөөнд 4-35 насны 50 гаруй хүнд 2 долоо хоногийн турш уран гулгалтын хичээл заажээ. Япон улс руу буцахынхаа өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргасан юм байна.


Тамирчин Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход дэмжлэг хүсэв.


МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ноос Өвлийн олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Японы ҮОХ, тус улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэлээ.


Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ “Красноярск 2019” өвлийн универсиад болон ОУТХ-ны цомын тэмцээн, уран гулгалтын олон улсын тэмцээн, Финляндын трофи, Азийн уран гулгалтын нээлттэй тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцсон юм.

Related news