Өмнөговь аймгийн шинэ музей боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-07 10:56:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-д ажиллаж, үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн баяжуулалт, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн судалгаа шинжилгээ зэрэг ажилтай танилцлаа.


Энэ музей нь Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэ онд олон улсын музейн өдрөөр /05.08/  ашиглалтад орсон юм.


Музей нь олон улсын музейн барилга, архитектурт нийцсэн, музейн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд үлэг гүрвэл-говийн байгаль, геологи ашигт малтмал, археологи, шашин, түүх, соёлын өвийн боловсрол олгох гэсэн үндсэн чиглэлүүдээр 4000 гаруй үзмэр, өд өлгийн зүйл бүхий нийт сан хөмрөгийн тодорхой хувийг олон нийтэд дэлгэн үзүүлж, үзүүллэг дэглэлтийг 70 орчим хувьтай гүйцэтгэж байна.


Музей ашиглалтад орсон 5-8-р сарын хугацаад нийт 25 мянга орчим хүнд үйлчилсэн бөгөөд тэдгээрээс 10 мянга орчим нь хүүхдүүд байжээ.


Мөн музейн соёлын боловсрол олгох хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 200 хүний суудалтай кино, сургалтын танхим, хүүхэд музей үзэнгээ суралцах боломж бүхий талбайд аймгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг авчирч, түүх, соёл, зан заншил, өв уламжлалаа таниулан сурталчилж байна.


Соёлын сайд Ч.Номин аймгийн музейн үйл ажиллагаатай танилцаад, цаашид музейн үзэл баримтлалыг Соёлын яамтай хамтран боловсруулах, Өмнөговь аймгаас олдсон зарим үзмэрийг орон нутгийн музейд шилжүүлэх, хүүхэд багачуудын музей үзэх хүсэл сонирхлыг төрүүлэх орчин үеийн техник технологийг ашиглах, музейн тасалбарыг цахимжуулах, төлбөрийн системийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар музейн удирдлагуудтай ярилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр тогтов.





Эх сурвалж: Соёлын яам

Related news