“Hyundai Motor”-ын байгальд ээлтэй автомашины борлуулалт нэг сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-08 14:27:41

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Hyundai Motor” группийн байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн нийт борлуулалт долоодугаар сарын байдлаар буюу энэхүү зах зээлд хөл тавьснаас хойш 13 жилийн дараа нэг саяд хүрснийг өнөөдөр танилцуулсан тайлан харуулжээ.


Тодруулбал, тус группийн автомашин үйлдвэрлэгчид болох “Hyundai Motor”, Kia компаниуд долоодугаар сард байгальд ээлтэй 29 484 автомашин худалдаалснаар ийм тээврийн хэрэгслийн нийт борлуулалт нь 1.024 сая давсан байна.


Hyundai Motor” 2009 оны долоодугаар сард “Avante” автомашины хос хөдөлгүүртэй загварыг зах зээлд нийлүүлснээр байгальд ээлтэй автомашины зах зээлд хөл тавьж байжээ. Түүнээс хойш тус компани нийт 556 854 автомашин худалдаалсан байна. 


Hyundai Motor”-ын 2013 оноос худалдаанд гаргасан “Grandeur Hybrid” нь хамгийн өндөр борлуулалттай /184 мянга орчим/ байгальд ээлтэй автомашин болсон бол түүний араас “Kia” компанийн “Niro” хос хөдөлгүүртэй загвар /126 500/ бичигдэж байна.


Дэлхий даяар цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор байгальд ээлтэй автомашинуудын борлуулалт цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна гэж “Hyundai Motor” мэдээлжээ. 

Related news