БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас найман хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-09 17:05:27

СӨҮЛ. /Korea Times/. БНСУ-ын нийслэл Сөүл хот болон тус хотын эргэн тойрны бүс нутагт сүүлийн 80 жилд үзэгдээгүй хүчтэй аадар бороо орсны улмаас найман хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй болжээ. Мөн байшин барилга, тээврийн хэрэгсэл, метроны буудлууд усанд автсан байна.


Сөүлийн зарим хэсэг, Инчеон хот, Гёнги мужид даваа гаргийн орой цагт 100 гаруй мм хур тунадас унасан бөгөөд Сөүлийн Донжак дүүрэгт цагт унасан хур тунадасны хэмжээ 141.5 мм-т хүрсэн нь 1942 оноос хойш бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болжээ.


Солонгосын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр, нийслэлийн бүсэд пүрэв гараг хүртэл 300 хүртэлх мм хур тунадас унах төлөвтэй байгаа бол Гёнги мужид 350 мм-т хүрч магадгүй байна.


Хүчтэй аадар бороо орсны улмаас мягмар гаргийн 11 цагийн байдлаар Сөүлд таван хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болсон бол Гёнги мужид гурван хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон гэж БНСУ-ын Засгийн газар мэдээлжээ.


Мөн Гёнги мужид есөн хүн гэмтэж бэртэж, нийслэл хотын бүсэд 230 өрхийн 391 хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрч, сургууль болон бусад нийтийн байгууламжид түр хоргодож байгаа юм байна.


Солонгосын Ойн агентлаг мягмар гарагт Сөүлийн есөн дүүрэг, Инчеон, Гёнги, Ганвон, Өмнөд болон Хойд Чунчён мужийн зарим нутаг зэрэг 47 хот, тойрогт хөрсний гулгалтын аюулаас сэргийлэх зөвлөмж гаргажээ. 

Related news