Монголын эрэгтэй баг 35, эмэгтэй баг 15 дугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-10 09:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв.


Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шатарчдын багийн олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын шигшээ баг 6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 14 оноотой 188 орноос 35 дугаар байрт шалгарлаа.




Олимпиадын сүүлийн өдөр буюу 11 дэх өрөгт манай эрэгтэй баг Киргиз улсын багийг 2,5:1,5-аар /Д.Батсүрэн, Б.Гүндаваа нар хожил авч, С.Ган-Эрдэнэ тэнцэн, Г.Амартүвшин хожигдсон/ хожив.


Харин манай бүсгүйчүүд 7 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 162 орноос 15 дугаар байрт шалгарлаа. Бүсгүйчүүд сүүлийн өрөгтөө Францын шигшээ багтай 2:2-оор /А.Энхтуул хожигдон, Б.Баярмаа хожил авч, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн/ тэнцэж 15 оноотой болсон байна.




Н.Гаприндашвилигийн цом буюу эрэгтэй, эмэгтэй багийн нийлбэр дүнгээр Монголын шатрын холбоо дэлхийд 24  дүгээрт эрэмбэлэгдлээ.


Тус олимпиадын нэгдүгээр ширээнд А.Энхтуул 19-д, эрэгтэйчүүдээс 3 дугаар ширээнд Б.Гүндаваа 16 дугаар байр эзэлснээр тэд Дэлхийн шилдэг шатарчдын "Топ-20"-д багтлаа. Мөн эрэгтэй баг В категорид 6 дугаар байрт шалгарлаа.

Related news