Төрийн 685 үйлчилгээг цахимаар хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-10 14:02:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд одоогоор төрийн 685, 21 аймгийн 1200 үйлчилгээг цахимаар хүргэж байна.


Энэ оны сүүлээр гэхэд төрийн 600 үйлчилгээг E-Mongolia системд нэмснээр иргэд 1200 үйлчилгээг гар утаснаасаа түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулахдаа мэдээлэв.


Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ашигт малтмалын тусгай зөшөөрлийг нээлттэй болгох тухай хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим лиценз олгохдоо хэн авсан болон олборлолт, хайгуулалт, ашиглалт алийг нь хийж байгаа нь тодорхой мэдээлэлгүй байсан. Зарим жилд 2000 лиценз олгосон тохиолдол ч бийг сайд Л.Энх-Амгалан дурдаад "Уул уурхайн салбарын гол асуудал болсон лицензийн наймааг зогсоох гол шийдэл нь цахим шилжилт. Лицензийг хүнд сурталгүй, авлигагүй болгох үүднээс цахим болгож байна. Тусгай зөвшөөрлийг энэ ондоо багтаан E-Mongolia цахим системд шилжүүлнэ” гэлээ. 

Related news