ОУЭИМ А.Энхтуулд Францын өмнөөс тоглох урилга иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-11 09:02:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуулд “Филидор-Мулхаус” мэргэжлийн шатрын клубээс Франц улсын өмнөөс тоглох урилга ирүүлжээ.

 

Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг “Филидор-Мулхаус” шатрын клубээс Франц улс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна.

 

Энэхүү урилгыг 44 дүгээр шатрын олимпиадад оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээсэн юм байна. Хэрвээ энэхүү саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд ирэх 10 дугаар сард Австри улсад зохион байгуулах "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс “Филидор-Мулхаус” клубыг төлөөлөн оролцох шаардлагатай гэдгийг урьсан тал мэдүүлсэн байна.

 

Их мастер А.Энхтуулын энэ жил гаргасан амжилтын үр дүнг үндэслэхээс гадна, Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулсан 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадад нэгдүгээр ширээнд дэлхийн шилдэг шатарчидтай өрсөлдөж, ТОП 20-д багтсан амжилтыг нь харгалзаж, энэхүү саналыг хүргүүллээ хэмээн Францын талаас онцолжээ.

Related news