Европын орнууд Франц руу гал сөнөөгчдөө илгээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-08-12 13:00:15

БЕРЛИН. /DW/. Герман тэргүүтэй Европын Холбооны /ЕХ/ орнууд Францад дэгдээд буй ойн түймрийг унтраахад тусламж дэмжлэг үзүүлэхээр гал сөнөөгчдөө илгээж байна. Тус улсад энэ онд ойн түймрийн улмаас сүйдсэн талбайн хэмжээ өнгөрсөн оны нийт үзүүлэлтийг даваад байна.


Европын Комиссоос пүрэв гарагт мэдээлснээр, Герман, Грек, Польш, Австри, Румыны гал сөнөөгчдийг Францын Бордо хотын өмнөд хэсэгт гарч байгаа ойн түймэртэй тэмцэхэд тусламж үзүүлэхээр илгээж байна. Бордод гарсан түймрийг хоёр долоо хоногийн өмнө хяналтад авсан ч дахин дэгдээд байгаа юм.


Францын талын хүсэлтээр ийнхүү тусламж үзүүлж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “Twitter” хуудсандаа, “Баярлалаа. Европын эв санаа нэгдэл биеллээ олж байна” хэмээн бичсэн байна. Мөн Франц улс түймэрт өртсөн талбайн талаарх мэдээллийг ирүүлэхийг ЕХ-ны Коперник хөтөлбөрөөс хүсжээ.


Герман улсын хувьд Бонн, Дюссельдорф, Леверкузен, Кенигсвинтер, Ратинген хотын гал сөнөөгчдийн тусгай ангиа Франц руу илгээсэн байна. Мөн Франц улс нь Грек, Шведээс гал түймэртэй тэмцэх дөрвөн нисэх онгоц хүлээн авах гэж байгаа аж. Э.Макроны хэлснээр, орон даяар ойн түймэртэй тэмцэх ажилд 10 мянган гал сөнөөгч, иргэний хамгаалалтын ажилтан оролцож байна.


Францын баруун өмнөд нутгийн Жиронда мужид гурав дахь өдрөө асаж буй түймэртэй тэмцэхэд онцгой байдлын 1100 гаруй ажилтныг дайчлаад байгаа бөгөөд 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. ЕХ-ны мэдээллээр, Францад өнгөрсөн онд 30 мянга орчим га талбай ойн түймэрт өртсөн бол энэ он гарсаар 57 мянга гаруй га талбай ойн түймэрт сүйджээ.


Цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, аж үйлдвэрлэл, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийн нөлөөллийн улмаас дэлхий улам дулаарч байгаа тул ойн түймэр, ган гачгийн аюулын давтамж цаашид улам нэмэгдэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар Испани, Португалд мөн ойн түймэр дэгдэж байгаа юм.  

Related news