ХОВД: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт 100 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-21 09:24:23

Ховд /МОНЦАМЭ/. “Ховдын хороо” нэрээр алдаршсан Зэвсэгт хүчний 123 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. 


Тус анги нь Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг бөгөөд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит гэдгээрээ онцлогтой.


Монголын баруун хязгаарт монгол орны хувь заяаг шийдвэрлэсэн олон чухал байлдаан, тулалдаан болж байсан. Үүний нэг нь 1921 онд Ховд хотыг цагаантнуудаас чөлөөлсөн Хатанбаатар С.Магсаржавын удирдсан байлдааны ажиллагаа байлаа. Дараа нь тулалдаанд оролцсон Хатанбаатарын цэргүүдээс улсын баруун хил хязгаарыг сэргийлэн хамгаалах үүрэгтэйгээр 300 цэргийг Ховд хотод үлдээж, улмаар Цэргийн хэргийг эрхлэх яамны сайдын 1922 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тушаалаар морьт хороо болгон өргөтгөж Ховд аймагт байршуулснаар одоогийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги анх байгуулагдсан түүхтэй.  


Өнгөрсөн хугацаанд дараах он цагийн дарааллаар бүтэц, орон тооны өөрчлөлтөд орсон байна. Үүнд:

- 1922-1932 онд  морьт хороо,

- 1932-1933 онд  тусгай морьт хороо,

- 1933-1951 онд   морьт хороо,

- 1951-1953 онд Морьт суман, 

- 1953-1967 онд Барилгын цэргийн батальон,

- 1967-1968 онд Мотобуудлагын тусгай рот,

- 1968-1971 онд Кадржуулсан мотобуудлагын тусгай батальон,

- 1971-1972 онд Морьт холимог тусгай хороо,

- 1972-1997 онд Мотобуудлагын тусгай хороо,

- 1997-2002 онд Мотобуудлагын бригад,

- 2002 оноос Мотобуудлагын тусгай хорооны бүтэц, орон тоонд шилжин үйл ажиллагаа явж байна. 


Тус ангийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 81 тогтоолоор Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит болгосон ба тус ангийн түүх, дайчин замнал, байгуулсан гавьяа, бахдам амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээр зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон хүртээсэн юм. 


Байлдааны аранзал улаан тугандаа алдар гавьяа, амжилт бүтээлийн илэрхийлэл болсон төрийн одонгоо гялалзуулсан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг амжилттай гүйцэтгэж, сургалт бэлтгэл, цэргийн алба, сахилга, дэг журам, тохижилт, материал, техникийн хангалт, урлаг, спортын  амжилтаар Зэвсэгт хүчний тэргүүний ангийн алдар хүндийг улам бүр бататгасаар иржээ.


Цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, үр дүнд хүрч буй сүүлийн жилүүдийн амжилтаас онцлоход, тус анги нь 2007-2008 онд цэргийн сургалт бэлтгэлээр хошуучлагч анги, 2009 онд тэргүүний дүрэмч, жагсаалч анги, 2010-2021 онд Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлээр тэргүүний ангийн болзлыг бататгасны зэрэгцээ 2012 оны Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээнээс байнгын бүрэлдэхүүний салаа хүрэл медаль, хугацаат цэргийн алба хаагчдын салаа, гэрээт цэргийн тасаг тус бүр алтан медаль хүртсэн зэрэг амжилт үзүүлсэн. Мөн 2012, 2013, 2014 онд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд гэрээт цэргийн тасаг 3 удаа дараалан тэргүүн байр эзэлснээр уг тэмцээний шилжин явах цомыг үүрд хадгаллаа. 


Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын дунд 2019 онд зохион байгуулсан “Центавр” тэмцээн, “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн, 2021 оны Зэвсэгт хүчний тэргүүний ардын авьяастан хамт олон шалгаруулах урлагийн үзлэгт тэргүүн байрт шалгарч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2022 онд Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаар энэ жил түүхт 100 жилийн ойгоо угтаж байна. 


Түүнчлэн Ховд аймгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулан хамтран ажилласаар ирсний дээр баруун бүс, аймгийн аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээн, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг марш тактик, тусгай бэлтгэл, спортын олон төрөлтийн тэмцээнд тогтмол амжилттай оролцож хошой алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон аж. 


Тус ангийн аймаг, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, байгууллагын тохижилт үйлчилгээ, хамт олны идэвх санаачилга, сахилга, зохион байгуулалт, бүтээлч хөдөлмөрийг Ховд аймгийн удирдлага өндрөөр үнэлэн 2021 оны шилдэг байгууллагаар шалгаруулж, хүндэт өргөмжлөл, дарцаг, мөнгөн шагнал хүртээсэн.  


Энэхүү нэгэн зууны хугацаанд тус ангид ажиллаж, алба хааж явсан олон арван офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч нь “Ховдын хороо”-ны хэмээх нэр алдраар овоглон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад өндөр нэр хүндтэй ажиллаж байгаагийн дотор гавьяат, алдар цуутнууд, хөдөлмөрийн сайчууд олноор тодорсон.


Иймээс хэрэгжүүлсэн ажил, амжилт ололтоо дүгнэх, олон нийтэд таниулах, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх,  байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, шилдэг тэргүүний цэргийн алба хаагчдыг алдаршуулах, дэмжих зорилгоор энэ сарын 19, 20-ны өдөр Ховдын хорооныхон түүхт 100 жилийн ойгоо ёслон тэмдэглэв. 


Түүхт ойн баярт зориулсан хүндэтгэлийн жагсаал, хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо. Үүнд аймаг, орон нутгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үе үеийн захирагч, удирдлага, чөлөөнд байгаа ахмад ажилтан, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэн яваа ажилтан алба хаагчид оролцжээ. Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үе үеийн нийт ажилтан, албан хаагчдадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Тэрбээр  "цаашид эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, туршлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдөс нэгт дайчин нөхдөө ямагт үлгэрлэн манлайлж, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэн хариуцсан салбар, ангийн дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэж, Зэвсэгт хүчний тэргүүний ангийн алдар хүндийг өндөрт өргөж явна гэдэгт итгэл төгс байна. Домогт түүх, дайчин уламжлалтай “Ховдын домогт хороо”-ны бахдам амжилт, бахархам үйлс өнө мөнхөд дэлгэрч явах болтугай!" хэмээв. 


Хүндэтгэлийн жагсаалын дараагаар баярын хурлын үйл ажиллагаа мөн боллоо. Энэ үеэр тус ангийн нэгэн зууны алдар гавьяа, амжилт ололтыг дархалсан азай буурлууд, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль"-иар шагналаа.  

Related news