ХОВД: Бэлчээрийн ургамлын гэмтэл бүрэн арилаагүй, зогсонги байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-25 09:15:17

Ховд /МОНЦАМЭ/. Нийт нутгаар хур бороо орсон боловч бэлчээрийн ургамлын ургалт дунд зэрэг,  ургамлын дундаж өндөр 2-6 см байна


Өөрөөр хэлбэл, нийт нутгаар зуншлагын болон ургамлын ургалтын байдал  Зэрэг, Чандмань, Ховд сумын нутгийн 50 орчим хувь нь сайн, 50 орчим хувьд нь дунд гэсэн үнэлгээтэй байна.


Мянгад, Эрдэнэбүрэн сумын нутгаар муу, бусад сумын нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байгаа юм.


Нийт нутгаар 5, 6, 7 дугаар сард хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтад таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явахгүй хэт хаталтын байдалтай болсон аж.


Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 24-44 хувийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.


Сумдад сүү цагаан идээ боловсруулах, мал оторлох ажил, хадлан хадах, хужир шүү бэлтгэх  зэрэг ажил хийж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд эрт ургацын хүнсний ногоо хураан авч борлуулах, зэрлэг түүх зэрэг ажил үргэлжлэн явж  буй.


Энэ сарын дунд 10 хоногт нийт нутгаар  57.5 мм бороо орсон. Хамгийн их бороо Мөст суманд 7.6 мм, Цэцэг суманд 7.2 мм бороо орсон байна. Харин хамгийн бага нь Үенч суманд  0.2 мм тунадас орлоо.


Өнгөрөгч арав хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа. Бэлчээрийн ургамал ургалтын байдал тааруу хэт хаталтын байдалтай, ургамлын гэмтэл бүрэн арилаагүй зогсонги байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Related news