ХОВД: Коллеж, үйлдвэрлэл эрхлэгчдийн түншлэлийг үр өгөөжтэй болгох нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-26 19:12:18

Ховд /МОНЦАМЭ/.  Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны баруун бүсийн зөвлөгөөн өнөөдөр Ховд аймагт боллоо.


Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, сургалтын чанар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой багш, удирдах ажилтны зөвлөгөөний үйл ажиллагаа нь Улаанбаатар хот, баруун, зүүн болон говийн бүс, хангай, төвийн бүс гэсэн 5 цэгт цахим, танхим хосолсон хэлбэрээр нэгэн зэрэг өрнөлөө.   

Зөвлөгөөнд нийслэл болон орон нутгийн 76 мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын 250 багш удирдах ажилтнууд танхимаар, цахимаар 2700 нийт 3000 орчим багш удирдах ажилтан оролцжээ.


Энд Увс, Баян-Өлгий, Завхан гэх мэт аймгуудаас таван коллежийн багш, удирдах ажилтан, ажил олгогч-түншлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.  


Тухайлбал, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, коллеж болон хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэрлэл эрхлэгч иргэн, компани, аж ахуйн нэгж, түншлэгчдийн ажлын уялдаа холбоог илүү сайжруулах, тэдний түншлэл хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, суралцагчдын үйлдвэрлэлийн дадлагын үр дүн, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, урамшууллын систем бий болгох, сургалтын үйл ажиллагаанд цахим хэрэглээ-шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон талт санал, зөвлөмжийг оролцогчид гаргаж, дээд шатны байгууллагад уламжиллаа.    


Мөн энэ үеэр гуталчин, барилга, мужаан, тогооч гэх мэт мэргэжлийн багш нар коллеж, сургуулийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлсэн сайн туршлагаасаа танилцуулав.  


Дээрх зөвлөгөөнийг БШУЯ, Боловсролын ерөнхий газар хамтран Европын холбоо, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Койка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулснаараа онцлогтой.  


Related news