Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хорооны ээлжит хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-29 11:20:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хорооны ээлжит хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Хурлаар “Ханжоу-2022” Азийн наадам хойшилсонтой холбогдуулан хэвлэл мэдээллийн хэсгийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл өгөв. 


Тус хуралд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн олимпын зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хорооны гишүүн А.Ганбаатар оролцлоо.


“Ханжоу-2022” Азийн наадам цар тахлын улмаас нэг жил хойшилж, 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах болсон. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн олгосон сэтгүүлчдийн мандатыг дахин бүртгүүлэх шаардлагатай эсэх, хэвлэл мэдээллийн талбар болон хотхонд өгсөн захиалга хэвээр байх эсэх зэрэг тодорхойгүй зүйлс гарч ирсэн. 


Зохион байгуулах хорооны мэдээлснээр, өмнө бүртгүүлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ажиллагсад бүртгэл дахин хийлгэх шаардлагагүй. Харин мандатыг 2022 оны арванхоёрдугаар сараас олгож эхлэхээр болсон байна. 


Хэвлэл мэдээллийн хотхон, спортын ордон, байгууламжуудын хэвлэл мэдээллийн хэсгийн бүтээн байгуулалт 2023 оны хоёрдугаар сард бүрэн дуусах бөгөөд шууд дамжуулалтын бэлтгэл ажил 2023 оны гуравдугаар сараас эхэлнэ. Одоогоор наадмын тэмцээн уралдааны шууд дамжуулалтын түншээр ажиллахаар 12 орны 37 телевиз хүсэлтээ ирүүлжээ.


Наадмын хэвлэл мэдээллийн бэлтгэл ажлыг хянах World Press Breifing уулзалт 2023 оны зургадугаар сард Ханжоуд болох юм. Энэ үеэр Азийн наадмын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар эцсийн бэлтгэл ажлууд хийгдэнэ.


Related news