ГОВЬ-АЛТАЙ: "Эрүүл-Алтай" эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд 1500 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-31 11:33:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Төрөлх Алтай” ТББ-аас дөрвөн жилийнхээ ойн хүрээнд Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгонд “Эрүүл Алтай” эрүүл мэндийн үзлэг, оношилгоог зохион байгууллаа. 

Зорилтот бүлгийн иргэдийг хамруулах уг үзлэг, оношилгоонд давхардсан тоогоор нийт 1500 гаруй иргэн хамрагдсан ба тэд дотоод шүүрэл, нүд, шүд гэсэн төрлөөр эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Тухайлбал, Есөнбулаг суманд Улсын нэгдсэн төв эмнэлгийн  ЭХО оношилгоо болон дотоод шүүрэл, бөөр, зүрх, уушги, чих хамар хоолой, гастроэнтрологи, мэдрэл, нүд, харшил судлалын нарийн мэргэжлийн эмч нар хоёр өдрийн турш эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн юм. 

Мөн Монголын шүдний эмч нарын холбооны 10 гаруй эмчээс бүрдсэн баг шүдний таван төрлийн үзлэг, эмчилгээ хийжээ. Тухайлбал, шүдний цоорол, ломбо, чулуу түүх, шүд авах, бага насны хүүхдийн шүдэнд цоорлоос хамгаалах түрхлэг түрхэх гэх мэт үйлчилгээ үзүүлсэн байна. 

Энэ удаагийн арга хэмжээнд БНСУ-ын Чежү хотын Нүдний эмгэг судлалын нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг, оношилгоо хийж, нийт 1000 хүнд тохирсон харааны шилийг үнэ төлбөргүй олгосноороо ихээхэн онцлогтой байлаа. 

“Эрүүл Алтай” үзлэг, оношилгоонд хамрагдсан иргэд: “Зохион байгуулалт сайтай үйл ажиллагаа болж байна. Эрүүл мэнд гэдэг бол маш чухал, үнэ төлбөргүй ийм сайхан ажил зохион байгуулсан баг хамт олонд баярлалаа. Найман настай балчраас наян настай буурал хүртэл эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авч байна. Манай хүүхэд шүдээ үзүүлээд өвчилсөн шүдээ шууд ломбодуулж эмчилгээнд ороод гарч ирлээ. Үзлэгийн баг хамт олонд ажлын амжилт хүсье” хэмээн талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг 1998 онд төгссөн төгсөгчдийн хамтын санаачилгаар “Төрөлх Алтай” ТББ-ыг 2018 онд байгуулсан юм. Тэд хамтран төрөлх Алтай нутгийнхаа эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.  


Related news