СҮХБААТАР: Сумдыг мэргэжлийн ойжуулагчтай болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь МСҮТ 2022-2023 оны хичээлийн жилд
10 мэргэжлээр шинээр 243 суралцагчийг элсүүлжээ. Үүнээс 145 нь насанд хүрэгчдийн
буюу нэг жилийн ангийн суралцагчид байна. Энэ хичээлийн жилийн онцлог нь
аймгийн Засаг даргын дэмжлэгээр ойжуулагчийн ангийг шинээр нээсэн бөгөөд нийт
25 иргэнийг ойжуулагчаар бэлтгэх юм.
Энэ нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж буй ажил бөгөөд сумдыг мэргэжлийн ойжуулагчтай
болгох аж. Мөн түр завсарлаад байсан төмөр замчин бэлтгэх ангидаа насанд
хүрэгчдийг элсүүлжээ. Нэг жилийн хугацаатай насанд хүрэгчдийн ангийн бүртгэл
дууссан, харин 2,5 жилийн хугацаатай 9 дүгээр анги төгсөгчдийг элсүүлдэг ангийн
суралцагч нь дүүрээгүй учир нэмэлтээр элсэлт авч байгаа гэлээ.
Ийнхүү Сүхбаатар аймаг
дахь МСҮТ 14 мэргэжлээр 438 суралцагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа
эхлүүлээд байна.