ХОВД: Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай” картыг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-05 19:17:17

Ховд /МОНЦАМЭ/.  Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдлэгийг сурагчид “Боосай” карт ашиглан танин мэдэж байна.  


Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” картыг сурталчлах, тоглох аргачлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой өдөрлөг 2022 оны есдүгээр сарын 5-нд “Цаст-Алтай цогцолбор сургууль дээр боллоо. Энэ үеэр сурагчид тус хоорондоо өрсөлдөж, авхаалж самбаагаа сорив.


Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Ховд аймагт “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төсөл хэрэгжиж буй.


Төслийн багийнхан Япон улсын гамшгаас сэргийлэх туршлагад тулгуурлан зурагт картаар хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг хөгжүүлэх ажил эхэлжээ.  

 

Энэхүү хүрээнд Ховд аймгийн хүүхэд багачууд, сурагчдын зурсан зураг, зохиосон шүлэг зэргийг ашиглан “Боосай карт”-ыг хамтдаа бүтээж, нутгийн онцлогийг шингээсэн байна. 


Онцгой байдлын байгууллага, бусад мэргэжлийн байгууллагууд  хамтран  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  уг зурагт картаар тоглуулж, тэмцээн өрнүүлэх замаар гамшгаас сэргийлэх, аливаа эрсдэлийг бууруулахад чиглэсэн мэдлэг олгож байгаа нь энэ юм.  

Related news