"B" продакшн А зэрэглэлийн “440hz records” студиэ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-08 22:32:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “B Рroduction” үүсгэн байгуулагдсаны 16 жилийн ойн хүрээнд олон улсын ISO 3382:2009 акустикийн стандарт хангасан, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор тоноглосон, кино хөгжмийн дуугаралт “DOLBY SURROUND” тохируулга хийх боломжтой дуу бичлэгийн А зэрэглэлийн “440Hz records” студийг албан ёсоор нээж, танилцууллаа.

 

Монголдоо анхдагч “440Hz records” үндсэн таван студитэй, хамгийн том А студи нь “Solid State Logic”-ийн том загвар буюу “SSL Duality Delta 48 channel” аналоги удирдах төхөөрөмжийг ашигладаг бөгөөд пянзны бичлэг хийх боломжтойн дээр холливудын киноны хөгжмийн “Dolby Surround 5.1” дуугаралт, олон улсын киноны хөгжмийн стандартыг хангах боломжтой гэж тус продакшны захирал Д.Болд онцоллоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн бөгөөд соёлын экспорт нь үүний салшгүй нэг хэсэг. Монголын өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн брэндийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын стандартын шаардлага хангасан дуу бичлэгийн студи чухал оролцоотойг тодотгов.

Нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд болон бусад хүмүүс оролцов.






Related news