СҮХБААТАР: Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэгт хамруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-12 11:10:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар шийдвэрлэж, улмаар үзлэгийг Мөнххаан сумаас эхлүүллээ.

Эрүүл Сүхбаатарчууд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү үзлэгт Мөнххаан, Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумын эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг хамруулах юм.


Уг ажлыг УИХ-ын гишүүдийн санаачилга, аймгийн Засаг даргын 33 сая төгрөгийн дэмжлэгээр хийж байгаа аж.

Тус аймгийн иргэдийн дунд хоол боловсруулах замын болон зүрх судасны өвчин давамгайлдаг. Нийт нас баралтын дийлэнх хувийг хорт хавдрын өвчлөл эзэлдэг бөгөөд үүнд дундаа элэгний хавдар тавин хувийг эзэлдэг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт маш идэвхтэй хамрагдаж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг эмч нар онцолж байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгалгүй гэх шалтгаанаар ямар нэг үзлэг, оношлогоонд хамрагдаж чадалгүй явсаар өвчнөө хожуу үед нь илрүүлэх тохиолдол байдаг учир энэ удаагийн үзлэг, оношилгоог цаг үеэ олсон, хамгийн зөв ажил гэдгийг ч мөн хэлж байлаа. 



Related news