Их хэмжээний валют, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-09-12 14:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 30-нд айлд хулгай орсон мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэж байсан. Тэгвэл дээрх хэргийг үйлдсэн 31 настай эрэгтэй Ш-ийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулан олж тогтоон саатуулаад байна.

Шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг явуулахад иргэн Т-ийн гэрээс их хэмжээний ам.доллар, үнэт эдлэл, дунд гарын хаш хөөрөг зэрэг өндөр үнэ бүхий эд зүйл алдагдаад байсан юм. Хэргийн этгээд нь шалгалтаар нийт 7 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулжээ. Хулгайлсан эд зүйлсээ нууж, бусдад зарж, борлуулсан байсныг тогтоон хулгайн эд зүйлийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн гэр өнгөрсөн сарын 25-30-нд хүнгүй байсан бөгөөд гэрт нь хулгай орсныг 5 хоногийн дараа л мэдэж, цагдаад мэдэгдсэн аж.

Related news