Түгжрэлийг гал унтраах байдлаар бус, оновчтой шийдэл санал болгохыг даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-09-12 17:37:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын өрхөд дунджаар 1.4 автомашин ногдож байна. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна. Энэ бүхэн нь автомашины импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна. Тиймээс нийслэлд олон жил тулгамдаад буй түгжрэлийг шийдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авна гэж Засгийн газрын гишүүнМонгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр тодотголоо. 



Ингэхдээ тэрээр эрдэмтэд судлаачдын санал зөвлөмжид суурилсан шийдвэр гаргана гэсэн юм. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын автомашины болон зорчилтын өгөгдлийн дүн шинжилгээг “Монгол дата клуб”-ээс танилцуулсан юм.




Шинэ, чанартай автомашины импортыг дэмжиж, хуучин автомашины хэрэглээг бууруулах сонголт бий болгоно.





Манай улсад өнгөрсөн оны байдлаар 1.000.378 автомашин бүртгэлтэй, үүний 58.3 хувь буюу 569.714 нь нийслэлд төвлөрчээ. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины 47.9 хувь нь 16 болон түүнээс дээш жил болсон, жил ирэх бүр хуучин автомашины импорт улам нэмэгдсээр байна. Нийслэл дэх автомашины зорчилтын хөдөлгөөний өгөгдлийг замын гол уулзваруудын 33 камераар өнгөрсөн оны 9 дүгээр сарын 1-нээс энэ оны 3 дугаар сарын 24 хүртэл, нийт 203 өдөр шинжлэхэд давхардаагүй тоогоор нийт 669.199 тээврийн хэрэгсэлд камерт өртсөнөөс Улаанбаатар хотын дугаартай автомашин 538.136 тоологджээ. Энэ нь нийслэл хотод бүртгэлтэй 575.027 машины 93.58 хувь нь болж байв.



Дүгнэж үзэхэд сүүлийн 10 жилийн автомашины хэрэглээг авч үзвэл хуучин машины импорт нэмэгдэж, орчны бохирдлын нэг эх үүсвэр болж байна. Автомашины чанар нь худалдан авалттай холбоотой тул цаашид худалдан авалтын бодлогоор шинэ, чанартай автомашиныг дэмжих, нөгөөтэйгүүр, хуучин автомашины хэрэглээг бууруулах сонголт бий болгох нь чухал байна. Тухайлбал, сургуулийн болон ажилчдын автобус гэх мэт.


Зорчилтын шинжилгээнээс харахад түгжрэлийг бууруулахад дугаарын хязгаарлалт хангалттай арга хэмжээ болж чадахгүй байгаа нь харагдаж байна. Мөн зорчилт хөдөлгөөний өгөгдлийн чанарыг улам сайжруулснаар бодлого шийдвэр оновчтой гарах боломж бүрдэнэ хэмээн дүгнэжээ.




Нэмж мэдээлэхэд Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон хотын түгжрэл эрхэлсэн албаны хүмүүстэй уулзаж доорх чиглэлүүдийг өгөөд байна. Үүнд

  • Түгжрэлийн учир шалтгааныг судалгаанд үндэслэн бодитой гаргаж, гал унтраах шинжтэй бус, оновчтой шийдлүүдийг санал болгох,
  • Шилжилтийн хугацаанд буюу үндсэн бодлогоо хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг гаргах,
  • Түгжрэлийг бууруулахад авто замыг өргөтгөх, машиныг хязгаарлах бус, иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, автомашиныг орлох нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, унадаг дугуйгаар зорчих, явган алхах орчныг бүрдүүлэх зэргээр олон хувилбарыг бий болгох.

Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу энэ 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах чиглэлд авах арга хэмжээний талаар танилцуулахаар болжээ.

Related news