Туркийн киног үнэ төлбөргүй толилуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-09-13 15:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын соёл, урлагийн салбарын харилцааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Туркийн кино өдрүүд" өнөөдрөөс эхэллээ.

 

Эл өдрүүд “Тэнгис” кино театрт гурван өдөр үргэлжлэх юм. "Туркийн кино өдрүүд"-ээр гурван өдрийн турш Чаган Йырмак, Бурак Аксак, Кыванч Баруөнү Ылмаз Эрдоган зэрэг Туркийн нэрт кино найруулагчдын бүтээлүүд болох “Үлгэрт гардаг охин”, “Эртугрул- 125 жилийн дурсамж”, “Нөхрийнхөө хэрээр ярь”, “Хонгорхон минь”, “Зүүд”, “Төгс төгөлдөр”, “Мартвал шивнээрэй” зэрэг уран сайхны киног монгол хадмал орчуулгатай, үнэ төлбөргүй толилуулах юм.

 

"Үлгэрт гардаг охин" /18.00 цагт 1 дүгээр танхимд/
Товч танилцуулга: Айпери бол гар хүрсэн болгоноо ид шидийн мэт сайхан болгодог үлгэрийн бүсгүй бөгөөд тэрээр нэгэн өдөр санаандгүй хүний ертөнцөд ирэн Риза гэх залуутай учирдаг. Риза бол микро автобусны жолооч хийн аж амьдралаа залгуулдаг, сайхан сэтгэл, даруу зангаараа эргэн тойрны хүмүүсийнхээ хайрыг татсан залуу юм. Ийнхүү тэд учирч тэдний дунд хайр сэтгэлийн холбоо үүссэнээр кино цаашид өрнөх болно.
Төрөл: Инээдмийн, романтик - инээдмийн
Зохиолч, найруулагч: Бурак Аксак 
Жүжигчид: Фатих Артман, Ханде Догандемир, Женгиз Бозкурт, Сади Желил Женгик

 

"Төгс төгөлдөр" /21.00 цагт 3 дугаар танхимд/
Товч танилцуулга: Ихсан хөдөлгөөний бэрхшээлтэй тул эхийнхээ байнгын асаргаанд байхаас өөр аргагүй бөгөөд өөрийгөө ээждээ үргэлж тээр дараа болдог гэх гэмшлээсээ үүдэн амьдрах хүсэлгүй болсон нэгэн. Харин Теммүз бол амьдралаа өөрөө зохиохоор гэрээ орхисон уран барималч залуу бөгөөд амьжиргаагаа залгуулахын тулд хйиж байсан ажлаа гэнэтхэн алдаж, найз бүсгүй нь ч түүнийг орхисноор амьдрал нь орвонгоороо эргэдэг. Ийнхүү хэн хэнийхээ хамгийн хэцүү цаг мөчид Теммүз, Ихсан хоёрын амьдралын зам огтлолцох бөгөөд энэ давхцал хоёуланд нь дахин төрөх боломжийг олгодог.
Төрөл: Уянгын
Найруулагч: Чаган Ырмак
Жүжигчид: Дениз Желилоглу, Арас Булут Енемли, Сумру Явружук, Зухал Генжер

 

Related news