Вьетнам улс Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 06:48:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газрын комиссын Вьетнамын хэсгийн дарга Ле минь Хоаныг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Монгол, Вьетнам хоёр орны  харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйгаагаа илэрхийлж цаашид хоёр улс харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа хэлэв.   


Монгол Улс далайд гарцгүй  тул агаар, төмөр замын тээврийн гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Вьетнам Улс нь газар зүйн байрлалын хувьд алслагдмал хэдий ч агаарын болон далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Вьетнамын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг дурдав.  


БНСВУ-ын талаас Монгол, Орос, Хятад гурван улсын байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орох хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн Вьетнам улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох, Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Related news