ЗАВХАН: ОХУ-ын Тува улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-14 12:26:44

Завхан/МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалаар ахлуулсан ажлын баг албан айлчлал хийлээ.

Уулзалт Тува улсын нийслэл Кызыль хотод болж, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүн Ховалыг Владислав Товарищтайович нар болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр цаг үеийн тулгамдсан асуудлууд болох өвөлжилтийн бэлтгэл ажил, малын өвс тэжээл, хилийн бүс нутгуудын худалдаа эдийн засаг, боловсрол-хүмүүнлэг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Тухайлбал, эдийн засгийн хувьд хил орчмын бүс нутгуудын үзэсгэлэн яармаг худалдааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлэх, бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Бензин, дизель түлш, барилгын материал, мод, модон эдлэл нийлүүлэх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бараа зэргийг хилээр нэвтрүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Мөн боловсрол, соёл урлагийн салбарт Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Политехник коллежтой хамтран багш, оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд оюутан, багш нарыг шатлал ахиулан суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулахаар боллоо. Түүнчлэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарт Завхан аймгийн болон Тува улсын байгалийн үзэсгэлэнт газруудын аяллын маршрутыг гаргаж, аялал жуулчлалыг идэвхжүүлэхээр болов.


Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Завхан аймаг, Тува улс хоёр мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг албан айлчлалын уулзалтын үеэр тодотгож байв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын өвс, тэжээлийг нийлүүлэх, мөн малын вакциныг Тува улсын зүгээс хямд үнээр нийлүүлэх. Онцгой байдлын салбарт хил орчмын ой хээрийн түймэр болон зуд, гамшиг ослын үед хамтран ажиллах. Тува улсын зүгээс автомашин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, цаашид хамтарч ажиллах зөвшилцөлд хүрлээ. Энэ удаагийн уулзалт нь сүүлийн таван жилийн хугацаанд хийгдээгүй бөгөөд чухал асуудлуудыг хэлэлцсэн найрсаг уулзалт болсон.

Уулзалтын үр дүнд хоёр талаас гарсан саналуудыг “Санамж бичиг”-т тусган боловсруулж, албажуулан хэрэгжүүлж ажиллахаар болсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Завхан аймгийн Тэс сумын Арц суурийн боомтоос Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлд тавих 1255 км төмөр замын төсөл хэрэгжих ажил хийж байгаа. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Арц суурийн боомт болон Цагаан толгойн боомтын зэрэглэлийг өсгөж, олон талт харилцааг хөгжүүлэх боломжтой болох аж. 


Related news