Монгол Улс төмөр замын шинэ салааг ашиглалтад оруулснаар Хятад улс энэ өвлийг нүүрсний гачигдалгүй давах боломж бүрдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-15 12:04:14

БЭЭЖИН. /Bloomberg/. Монгол Улс өнгөрсөн долоо хоногт төмөр замын шинэ салааг ашиглалтад оруулсан нь эрчим хүчний зах зээлийн хувьд хүндхэн өвөл болсон тохиолдолд үндсэн түлшээр сайтар хангагдсан эсэхээ баталгаажуулах Хятад улсын хүчин чармайлтад түлхэц боллоо.


Говь цөлд орших Тавантолгой нүүрсний уурхайгаас Хятадын хил хүртэлх 240 км урт төмөр замын салаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд үр өгөөжөө хэдийнээ өгч эхлээд байна. Ачааны тэрэгнүүд нүүрсний уурхайгаас хол зайд зорчихын оронд зөвхөн хилийн бүсээр богино тээвэр хийх болсонтой холбоотойгоор Ганцмод боомтоор даваа гарагт 668 ачааны тэрэг нэвтэрчээ. Наймдугаар сард энэ үзүүлэлт дунджаар 560 байсан гэж China Coal Resources цахим хуудас мэдээлжээ.


Өдөрт шалган нэвтрүүлэх автомашины тоог аажмаар 700-д хүргэж нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд цаашлаад 900 хүртэл нэмэгдүүлэхээр туршсан гэж дээрх мэдээнд дурджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ, төмөр замаар жилд 50 сая хүртэлх тонн нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой гэсэн байна. “COVID-19” цар тахлын улмаас хилийн хяналтыг чангатгахаас өмнө тус улс 2019 онд хамгийн их буюу 36 сая тонн нүүрс экспортолсон юм.


Хэдийгээр Монголын нүүрсийг цахилгаан станцаас илүү гангийн үйлдвэрүүдэд түлхүү ашиглахаар зорьж байгаа ч тээвэрлэлт ийнхүү нэмэгдсэн нь өвлийн улирал эхлэхээс өмнө Хятадын нөөцийг тогтворжуулахад тусална. Тодруулбал, Сычуань, Юньнаньд ган гачиг нүүрлэсэн нь усан цахилгаан станцын үйлдвэрлэлийг багасгахад хүргэж, түүнийг нөхөхийн тулд улс даяар илүү их чулуужсан түлш шатаах шаардлага тулгарч байна. Европын эрэлт хэрэгцээ ихсэж байгаа энэ үед нүүрс, байгалийн хийн үнэ дээд хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа тул Хятадын аж ахуйн нэгжүүд далайн тээврийн нийлүүлэлтээс аль болох зайлсхийхийг эрмэлзэнэ.


Төмөр зам ашиглалтад орсон нь Хятад экспортынх нь бараг бүх хувийг эзэлдэг Монголын талд мөн үр ашгаа өгөх төлөвтэй байна. “China Coal Resources”-ийн мэдээлснээр, төмөр зам хил хүртэл нүүрс тээвэрлэх зардлыг тонн тутамд 47 ам.доллароос 12 ам.доллар болгон бууруулна. Мөн нүүрсний экспортын орлого хоёр дахин өснө гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. 

Related news