АРХАНГАЙ: Ихтамир сумын Хөхнуурын голомтоос эризипелойд болон тарваган тахал өвчний эсрэг бие илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-19 10:09:24

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын өндөр идэвхтэй Хөхнуурын голомтод хийсэн тарваган тахлын шинжилгээгээр махчин шувуу, мэрэгч амьтны хөдөлгөөн тоошлыг хянан мэрэгч амьтан, зэм үхдэл олборлон амьтны үс ноолуур, нүхний амсрын гадны шимэгч, махчин шувууны гулгидас ноохой гээд нийт 529 сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн байна.


Шинжилгээний дүнгээр махчин шувууны шинэ гулгидаснаас тарваган тахал түүнтэй хам тохиолдох халдвар эризипелойд-(Erysipelothriх rhusiopathiae)-ийн өсгөвөрийг илрүүлж, полимеразын гинжин урвал буюу молекул биологийн шинжилгээ

/ПГУ/ эерэг дүнтэй гарсан байна.


Олборлосон 16 урт сүүлт зурам (Spermophilus undulatus), нэг монгол огдой (Ochotona pallasii)-ноос тарваган тахлын эсрэг бие хайх цус наалдуулах шууд бус урвал /ЦНШБУ/-аар эерэг гарсныг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабориторид баталгаажуулжээ.

Хөхнуур багийн Мухар-3244702243 секторт урт сүүлт зурамны халдваржилт 33.3 хувь, Халхи-3244703421 секторт урт сүүлт зурамны халдваржилт 20 хувь, монгол огдой 3.3 хувь байна. Энэ судалгаагаар Хөхнуурын байгалийн голомтод тарваган тахал, эризипелоидын үүсгэгч идэвхтэй орчиж байгааг тогтоолоо.


Хяналт шинжилгээ хийхэд аймгийн ЗӨСТ-ийн багийнхантай суурь судалгааны баг биологийн ухааны доктор, дэд профессор В.Батсайхан, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор зөвлөх зэрэгтэй эмч З.Адьяасүрэн, ЗӨСҮТ-ийн лавлагаа лаборатори хамтран ажиллажээ. 

Related news