Амазоны ойд энэ онд дэгдсэн ойн түймрийн тоо өнгөрсөн оны нийт үзүүлэлтийг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-21 16:48:09

БРАЗИЛИА. /VOA/. Бразилын Амазоны ширэнгэн ойд энэ онд дэгдсэн ойн түймрийн тоо өнгөрсөн оны нийт үзүүлэлтийг давсныг албан ёсны тоон мэдээлэл харуулжээ. 


Амазоны ойд өнгөрсөн онд 75 090 түймэр дэгдсэн бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 18-ны хооронд 75 592 түймэр дэгдээд байгааг хиймэл дагуулын мэдээлэл харуулж байна гэж Бразилын Сансрын агентлаг мэдээлсэн байна.


Энэхүү мэдээлэл нь ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдохыг эрмэлзэж буйн зэрэгцээ Амазоны ойтой холбоотой асуудлаар олон улсын шүүмжлэлд өртөх болоод байгаа Ерөнхийлөгч Жаир Болсонаруд ирэх шахалтыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.


Ж.Болсонаругийн ажлын алба болон Байгаль орчны яамнаас шинэ тайлангийн талаар одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Ой хээрийн түймэр газар авч байгаа нь Бразил хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлахгүй байгаагийн илрэл юм. Тус улсын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын бараг тэн хагас нь газрын зориулалт өөрчлөх, ой модыг тайрснаас үүдэлтэй байна.


Амазоны ширэнгэн ой нь манай гаргийн хувьд нүүрстөрөгчийн давхар ислийг шингээгч чухал ач холбогдолтой газар боловч ой мод шатах нь ийм хийг агаар мандалд ялгаруулдаг. Ж.Болсонару 2019 оны нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш Амазоны ойн жилийн дундаж хомсдол өмнөх 10 жилийнхээс 75 хувиар нэмэгдсэн байна. “Greenpeace” байгууллагын Бразил дахь салбарын хэвлэлийн төлөөлөгч Андре Фрейтас сүүлийн үеийн тоо баримтыг “эмгэнэлт явдал” гэж тодорхойлжээ.

Related news