Японы Ерөнхий сайд асны оршуулгын ёслолд оролцох гадаадын зочдоос амны хаалт зүүхийг хүснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-22 15:46:46

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн оршуулгын ёслолд оролцох гадаад зочдоос амны хаалт зүүхийг хүснэ гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.


COVID-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс төрийн оршуулгын ёслолд оролцох гадаадын төр, засгийн тэргүүн нар болон бусад төлөөлөгчдөд амны хаалт зүүхийг уриална гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Энэхүү хүсэлтийг Их Британийн нийслэл Лондон хотноо даваа гарагт болсон хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд оролцсон хүмүүс, тэр дундаа Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар амны хаалт зүүлгүй ёслолд оролцсонтой харьцуулахад эрс ялгаатай байна. Хэдийгээр Японд “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч Засгийн газар барилга байгууламж дотор байхдаа амны хаалт зүүхийг олон нийтэд уриалсаар байгаа юм.


Ирэх мягмар гарагт Токио хотын “Ниппон Бүдокан” ордонд болох А.Шинзогийн оршуулгын ёслолд 217 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөж байна. Түүнээс 116 нь хилийн чанадаас, 101 нь Элчин сайдын яамны төлөөлөгчид тэргүүтэй Япон дахь төлөөллөө оролцуулна гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Тус яамнаас танилцуулсан оршуулгын ёслолд оролцох хүмүүсийн жагсаалтад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су, Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэргүүтэй төлөөлөгчид багтсан байна. 

Related news