Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад батламж гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-23 20:35:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.


Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналын батламж гардуулав. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ сайд баг тамирчдад хандан “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг Парисын дэвжээнд буухиалахыг хүслээ.


Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Белград хотод болсон ДАШТ-ээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, 50 кг-д Д.Отгонжаргал мөнгө, 53 кг-д Б.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл хүртсэн бөгөөд энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон юм.

Related news