Элчин сайд Э.Сарантогос Данкүк Их сургуулийн Монгол судлалын хүрээлэнд илтгэл тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-25 08:52:37
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Данкүк Их сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн Монгол бүс нутаг судлалын 12 дахь удаагийн ээлжит семинар 9 дүгээр сарын 22-нд цахим хэлбэрээр болж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос “Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцаа” сэдвээр илтгэл тавив.


Семинарт Данкүк Их сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн захирал Сон Бён Гу, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Рю Бён Жэ нар болон тус хүрээлэн, тэнхимийн багш, оюутнууд  өргөнөөр оролцов.


Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд, зорилт, гуравдагч хөршийн бодлогын талаар танилцуулж, Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн харилцааг улс төр; эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа; эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, технологи; соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо; олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа гэсэн 5 тулгуурт суурилан өргөжүүлэн хөгжүүлж байгаа талаар ярив.


Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жиний манай улсад саяхан хийсэн айлчлалын дүнгийн талаар танилцуулж, Монгол, БНСУ-ын харилцааг хөгжүүлэхэд хүүхэд, залуучуудын солилцоо, оролцоо чухал болохыг онцлов.


Илтгэлтэй холбогдуулан оюутнууд Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, Шинэ умардын бодлого, хөгжлийн албан ёсны тусламж, спортын гадаад харилцаа, үндэсний хоол зэрэг сэдвээр сонирхсон асуултаа асуун Элчин сайд хариулт өгөв.


Элчин сайд Э.Сарантогос монгол судлал, монгол хэлийг судлан суралцаж байгаа солонгос оюутнуудад талархал илэрхийлэн, сурлагын амжилт хүсэв.


Related news