Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-24 15:20:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческигийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан өчигдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үүрэгт ажлаа нэр төртэй, амжилттай гүйцэтгэж бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Элчин сайд ноён Майкл Клеческид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал дэмжлэг, туслалцаа үзүүлж олон арга хэмжээг авч түүнийг зохион байгуулж ирсэн явдалд нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, томоохон хийж бүтээсэн ажлуудыг онцлон тэмдэглэв.


Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 2 дахь удаагийн  Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэхээр амжилттай ажилласнаас гадна КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээ, шаардлагатай дэмжлэг туслалцааг түргэн шуурхай үзүүлэх, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажлыг дэмжин ажилласан юм.


Элчин сайд ноён Майкл Клечески хэлэхдээ бүрэн эрхийн хугацаанд ажиллах үед салшгүй нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Related news