ГОВЬ-АЛТАЙ: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-27 11:26:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь” сэдэвт сургалт есдүгээр сарын 24, 25-нд Алтай хотноо боллоо.  

АИФО (Associazine italiana Amici Di Raoul Follereau) байгууллага нь ДЭМБ-ын дэмжлэгээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ” багц гарын авлагыг орон нутагт суурьшуулах туршилтын төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөлд нийт найман аймаг сонгогдсоны нэг нь Говь-Алтай аймаг юм. 

Туршилтын төслийг орон нутагт нутагшуулах зорилгоор Говь-Алтай аймгаас сонгогдон бэлтгэгдсэн сургагч багш нар хоёр өдрийн турш тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд онол, практик хосолсон хэлбэрээр сургалт зохион байгуулсан юм.

Говь-Алтай аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим иргэн байдаг бөгөөд 2020 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүний 19.9 хувь нь хөдөлгөөний согогтой, 7.7 хувь нь сонсгол, 2.7 хувь нь хэл ярианы согогтой, 6.8 хувь нь хавсарсан согогтой, 11.7 хувь нь харах эрхтний өөрчлөлттэй, 35.4 хувь нь бусад, 15.6 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй хүн байгаа аж.

Тус сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд өнөөгийн байдлаа үнэлж дүгнээд цаашид яаж нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. 

-“Энэхүү сургалтыг зохион байгуулснаар сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гарын авлагын талаар ойлголттой болж, цаашид үйл ажиллагаандаа багцыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг судлан хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгнө” хэмээн сургагч багш, аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн их эмч Л.Оюундарь танилцуулав. 


“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал” нь Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ) 3-ын хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш авах эрхийн хүрээнд хийсэн байна.  


Энэхүү сургалт нь эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд тусламж, үйлчилгээ, хөтөлбөрийг бүх нийтэд хүртээмжтэй болгох тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэдгийг холбогдох албанаас онцлон мэдээллээ.


Related news