БАЯН-ӨЛГИЙ: Сүүлийн саруудад 5 сумын нутаг дэвсгэрт 500 га газар түймэрт өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-27 13:01:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт тус аймгийн Булган сумын Улаагчин багийн Хуйт хэмээх газарт энэ сарын 22-ны өдөр, Дэлүүн сумын Чихэртэй багийн Бурат хэмээх газарт 24-ний өдөр хээрийн түймэр гарсан тухай дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумдын мэргэжлийн анги, Хөх сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган сумын Улаагчин багт гарсан түймрийг энэ сарын 23-ны өдөр цурамд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Харин Дэлүүн сумын Чихэртэй багт гарсан хээрийн түймрийг мөн 25-ны өдөр өглөө цурамд оруулж өнөөдөр унтраажээ.


Аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатын өгсөн мэдээллээр Дэлүүнд 54 га, Булган суманд 50 га газар шатжээ. Мөн сүүлийн саруудад Баян-Өлгий аймгийн 5 суманд 10 удаагийн хээрийн түймэр бүртгэгдэж, 500 гаруй га газар түймэрт өртөөд байгааг тэрээр онцоллоо.


Бүртгэгдсэн хээрийн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын газраас 85 алба хаагч, 13 техник, сумдын мэргэжлийн ангиас 136 хүн, 33 техник, нутгийн иргэдээс 64 хүн, 23 техниктэйгээр 23 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэсэн байна.

Related news