ДУНДГОВЬ: Уртын дууч Ж.Дүнжмаагийн нэрэмжит "Энх мэндийн баяр” улсын уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-29 15:32:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Жамьянгийн Дүнжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр” улсын хоёрдугаар уралдааныг 10 дугаар сарын 1-2-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулна.


Соёлын өв болсон уртын дууг залуучууд, хүүхдүүдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тус уралдааныг Соёлын яам, аймгийн ЗДТГ, СУГ, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Өлзийт сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа ба авьяастнууд ардын авъяастан, хүүхэд гэсэн хоёр төрлөөр оролцох аж.


Оролцогчид уралдааны эхний шатанд өөрийн сонгосон дууг дуулж оролцох ба шалгарсан дуучид хоёрдугаар шатанд удирдамжид заасан дуунаас сонгон дуулж, шилдэг дуучдаа шалгаруулна.   


“Энх мэндийн баяр” улсын анхдугаар уралдаан 2019 онд болж, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгаас мөн Дархан Улаанбаатараас 120 гаруй хүүхэд, залуучууд оролцож байжээ.


Монгол Улсын гавъяат жүжигчин, уртын дуучин Дүнжмаа Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат. Нэг гэр бүлээс хоёр ардын жүжигчин, нэг гавьяат төрөн гарч, олон түмэндээ хүндлэгдэн, өв соёлоо тээж, түгээн дэлгэрүүлж яваа нь тун ховор тохиол. Тийм л эгэл биш гэр бүлд тэрээр төрж, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй нарын эгч.

Ж.Дүнжмаа "Түмэн эх", "Уяхан замбуутивийн наран", "Энх мэндийн баяр" гэх мэт монгол ардын олон уртын дуугаар нэрд гарсан уран бүтээлч төдийгүй олон хүүхэд залуучуудыг хөгжүүлж, уртын дууч болгож буй гавьяатай хүн юм.

Тэрээр сумынхаа бага сургуулийг төгсч, орон нутагтаа мал маллан аж төрж байгаад 1970 оноос уран бүтээлээ туурвиж, сүүлийн жилүүдэд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр байгуулагдсан цаг үеэс уртын дууны багшаар ажиллаж, 3000 гаруй шавьтай болжээ. 



Related news