Төмөр замд гарсан ослын үр дагаврыг арилгаж хөдөлгөөнийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-29 16:17:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.


Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд барьж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс, төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.


“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч,  туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоож, хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэжээ.


ЗТХЯ-ны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай хийж, богино хугацаанд ослын үр дагаврыг арилган, гол замын хөдөлгөөнийг өчигдөр 21. 07 цагт нээлээ.



Related news